TIME сэтгүүлийн сонгосон эдгээр 10 гэрэл зургийг 2013 оны шилдгээр тодруулжээ. Зураг бүхэн манай дэлхий дээр болсон онцгой үйл явдлуудын гэрч болсон байна.
Бостон хотод зохион байгуулагдсан марафон гүйлтийн үеэрх террорист халдлага. Зурагчин барианы шугамны ард зогсож марафонд оролцогчдын зургийг авч байжээ. Гүйгчдийн хамгийн эхний тамирчин барианд орсноос 2 цаг 40 минутын дараа эхний бөмбөг дэлбэрсэн байна.
2. Таслима Ахтер. Савар Дака, Бангладеш, 4 дүгээр сарын 24, 2013.
Бангладешд болсон үйлдвэрийн нуралтаас 1000 орчим ажилчин дарагдаж амь үрэгдсэн юм. Зурагчны дурсамж : ”Нурангын дундаас би нэгэн хосын цогцосыг олж харсан юм. Тэд бие биеэ тэвэрсэн байлаа. Тэдний биесийн доод хэсэг бетон хавтанд дарагдсан байв. Залуугийн нүднээс цусан дуслууд нулимас адил урссан байсан. Тэр цагаас хойш хосуудын дүр зураг миний толгойноос салаагүй. Миний толгойд олон асуулт орж ирж байлаа. Тэд амьдралынхаа сүүлчийн мөчид юу бодож байсан бол? Гэр бүлийнхнийгээ дурссан болов уу?”
3. Тим Холмс. Данелли, Австрали. 1 дүгээр сарын 4,2013.
Өмнөд Тасманий Данелли тосгон ойн гал түймэрт өртсөн юм. Зурагчны дурсамж : “Би эхнэр болон таван ачийн хамт галаас зугтан далайн усанд хоргодож байлаа. Ус хүйтэн, харин гал маш их халуунаар төөнөж байсан ч хамгийн том асуудал амьсгалах агаарын дутагдал байлаа. Гэвч бид утаа, ус хоёрын завсар хэсэгхэн зурваст агаар олж амьсгалж байсан юм. Бид усанд хоёр цаг хагас орчим хоргодсоны дараа би эхнэрийнхээ iPhone утсаар энэ зургийг авч охид руугаа явуулснаар удалгүй аврагдсан. Хэдийгээр бид амьд үлдсэн ч бүх хөрөнгө хогшил маань шатаж үгүй болсон юм.”
4. Даниел Эттер. Станбул, Турк. 6 дугаар сарын 1, 2013.
Туркчууд Гези цэцэрлэгийг авч үлдэхийн тулд засгийн газартайгаа тэмцсэн юм. Зурагчны дурсамж : “Энэ тэмцлийг сурвалжилж яваад би нэгэн залууг олж харсан юм. Цагдаа нар нулимас асгаруулагч хий цацсан байсан ч тэр залуу Туркын далбааг намируулсаар байсан. Би хэдийгээр баг зүүсэн байсан ч амьсгалахад улам хүнд болж байлаа. Гэтэл тэр ямар ч хамгаалалтгүйгээр энэ үйлдлээ давтсаар байсан юм. Би энэ зургаа тэр дор нь Facebook дээрээ пост хийж түүнийг миний Турк найз цааш нь түгээсэн билээ. Цагийн дотор 10,000 хүн түүнийг дамжуулж, профайл зургаа болгосон байлаа. Удалгүй энэ зурагтай цамц, зурагт хуудас зэрэг тархаж Туркын гуравдагч том хот Измирын дурсгал болж хувирсан юм.”
5. Дэвид Женкинс. Сийл Арал, Өмнөд Африк. 7 дугаар сарын 26, 2013.
Өмнөд Африкын эргээс холгүй байдаг Сийл буюу Далайн хавны арал гэгддэг газар зурагчин Дэвид сүүлийн 6 жил байнга зочилж байгалийн ховор зураг авдаг юм байна. Тэр дундаа далайн хав болон аварга загасны зураг авдаг аж. Тэгвэл энэ буулгасан зурган дээр аварга загас далайн хавыг агнах гэж оролдож байгаа, далайн хав хэрхэн түүнээс бултаж зайлж байгаа ховор агшныг харуулсан байна. Сүргээсээ тасарсан далайн хав довтолгоонд өртсөн ч маш ухаалаг аргаар аварга загасны биед наалдаж хазах боломж олгоогүй байна. Харин аварга загас хэсэг хугацааны дараа цөхөрч түүнийг орхин явсан байна. Түүний дараа далайн хав маань арал руугаа буцжээ.
6. Тайлер Хикс. Найроби, Кениа. 9 дүгээр сарын 21, 2013.
Лалын хэт даврагсдын Аль Шабаб бүлэглэл Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвд халдлага хийж олон хүний аминд хүрсэн билээ.
Цэрэг цагдаагынхан болон террористуудын хооронд тулаан болж байх үед зурагчин худалдааны төв дотрох байдлыг дээд давхраас ажигласан байна. Хаа сайгүй цус, үхдэл харагдаж байсан ч харин кафены лангууны ард нэгэн эмэгтэй хоёр хүүхдийн хамт нуугдан хэвтэж байж. Байдал намжсаны дараа тэд ямар нэгэн гэмтэлгүй аврагдсан байна.
7. Питер ван Агтмаел. Хамбл, Техас, АНУ. 6 дугаар сарын 12, 2013.
Иракт болсон дэлбэрэлтэнд өртөж тахир дутуу болсон Америк залуугийн зураг. Бобби Хенлайн хэмээх энэ залуу Иракт алба хааж байхдаа дэлбэрэлтэнд өртөж биеийнх нь 40 хувь түлэгджээ. Тэр дэлбэрэлтэнд хамт явсан дөрвөн хүн нь үрэгдсэн юм байна.
8. Мосааб Элшами. Кайр, Египт. 7 дугаар сарын 27, 2013.
Ерөнхийлөгч Морсиг дэмжигчид болон цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөний дүр зураг. Морсиг дэмжигчдийн хуаран руу цэргүүд довтолсны дараа зурагчин энэ зургийг авчээ. Гудамжинд олон хүн бөөгнөрөн, хэн нэгэн чангаар орилж байсан байна. Зурагчинг очиход нэгэн амьгүй болсон залууг хоёр хүн өргөн авч явж байжээ. Баруун гар талын эрэгтэй хүн шоконд орж ухаангүй байсан бол өргөж яваа хүн нь хэдийгээр тэр залуу үхсэн ч тасралтгүй эмч дуудан, бурхнаас аврал эрэн орилж байжээ.
9. Филипп Лорез. Толоза, Лэйте, Филиппин. 11 дүгээр сарын 18, 2013.
Филиппинд болсон байгалийн гамшгийн дараах дүр зураг. Эвдэрч сүйдсэн хотхоны дунд хэсэг эмэгтэйчүүд болон хүүхдүүд бурхнаас аврал эрэн залбирч буй зураг. Зургийн хувьд хүчтэй, сэтгэл хөдлөм агшин бас сүсэг бишрэл төрүүлэхүйц бүтээл болжээ.
10. Эмин Өзмен. Кеферган, Сири. 8 дугаар сарын 31, 2013.
Умард Сирийн Алеппогийн ойролцоох жижиг хотод авсан зураг. Аль Кайдатай холбоотой гэгддэг ISIS бүлгийн дайчид олзлогдсон дайснаа цаазалж байгаа нь. Зурагчны дурссанаар тосгоныхны өмнө нүдээ зөвхөн ил гаргасан хар хувцастай хүн ялын тогтоолыг уншиж дуусгаад гүйцэтгэсэн байна. Дараа нь цогцосыг бусад тосгодод аваачиж хүмүүст үзүүлэхээр авч явсан байна. Зурагчин өөрөө энэ явдлын дараа сэтгэлзүйн хүнд дарамтанд орсноо дурсчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|