Улаанбаатар хот, Монгол Улс: AND Global компанийн охин компани болох AND Solutions нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлээ Microsoft Azure платформд амжилттай нэвтрүүлсэн Монголын анхдагчдын нэг болж чадлаа. Microsoft Cloud дэд бүтцэд бүрэн нийцүүлж байршуулсан Mindox хэмээх ухаалаг бичиг баримт боловсруулах платформ нь байгууллагын үйл ажиллагааг илүү оновчтой, үр дүнтэй болгоход бодит дэмжлэг үзүүлдэг бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн болон бусад зорилтот зах зээлд хүргэхээр Microsoft Azure Marketplace дээр арилжаалагдаж эхлээд байна.
Microsoft AI Partner болох AND Global компанийн хувьд олон улсын зах зээлд стратегийн түншлэлээ өргөжүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор финтек шийдлүүдээ зах зээлд амжилттай нэвтрүүлсээр ирсэн. Тэрээр олон улсын технологийн тавцанд эх орноо нөлөө бүхий, хүчтэй тоглогчоор тодруулж буй Монголын финтекийн салбар дах тэргүүлэгч компани юм.
Azure Marketplace дээр байршаад буй Mindox буюу хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг бичиг баримт боловсруулагч платформ нь эмх замбараагүй бичиг баримтуудыг богино хугацаанд цэгцтэй, үнэн зөв дата мэдээлэл болгон хувиргах чадвартай. Тэрээр байгууллагын үйл ажиллагааны нарийвчлал, үр ашгийг нэмэгдүүлж, тайлан, бичвэр, маягт, санхүүгийн баримтуудаас мэдээлэл гарган авах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Mindox платформыг Esquire Financing Inc., TRBank, Inc., Unicapital Finance & Investments, Inc. гэх мэт Филиппиний нэр хүнд бүхий Банк болон Банк бус, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж эхлээд буй.
Microsoft-той байгуулсан шинэ хамтын ажиллагааны талаар AND Global компанийн Гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ:
“Энэхүү хэлэлцээр нь AND Global компанийн хувьд томоохон үе шат болж, Олон улсын тавцанд Монгол хүний оюунаас гарсан технологийн чадавхыг таниулж чадаж байгаадаа бахархаж байна. Microsoft AI Partner болсноор бид цаашдаа хиймэл оюунд суурилсан инновацлаг шийдлүүдээрээ Монголын төдийгүй, Ази, Номхон Далайн бүсийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхэд далайцтай алхам болж чадлаа.”
AND Solutions компанийн Гүйцэтгэх захирал Д.Баасандорж мөн ийнхүү онцлов:
“Microsoft Azure-н найдвартай дэд бүтцэд тулгуурлан бид ухаалаг бичиг баримт боловсруулалтын платформ, зээлийн оноо, зээлжүүлэлтийн шийдэл болон зээлийн цогц систем зэрэг финтек шийдлүүдээ олон улсын зах зээлд хүргэх боломж бүрдсэнд тун баяртай байна. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд финтек шийдлүүдээ олон улсад амжилттай борлуулах, зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг дээр Microsoft хэмээх энэхүү том коммьюнитиг түшиглэн, нөу хау-аас нь суралцан ажиллах болсондоо олзуурхаж байна.”
Microsoft компанийн Ази дахь Стартап, Хөрөнгө Оруулалт болон Программ Хөгжүүлэлтийн Компаниудын Ерөнхий Захирал Эндрю Бойд хэлэхдээ:
“Mindox платформын Microsoft Azure руу шилжилтийг амжилттай дуусгасандаа бид баяртай байна. AND Global-ийн найдвартай цогц шийдэл нь Azure-тэй хослон ажилласнаар санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ инновацыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.”
AND Global компанийн тухай
2017 онд байгуулагдсан AND Global нь инновацад төвлөрсөн, олон шинэлэг компанийг амжилттай бий болгосон Монголын тэргүүлэгч финтек компани юм. Тус компанийн зорилго нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, технологийн чадавхыг өргөжүүлэхэд оршдог. AND Global нь санхүүгийн байгууллагуудын ажлын бүтээмж, цагийн ашиглалтыг дээшлүүлэх шинэлэг технологийн шийдлүүдийг санал болгодог. Тус компани нь Монгол, Япон, Сингапур, Филиппин, Тайланд дах оффисуудаар дамжин 13 охин компани, 250 гаруй ажилтантайгаар 11 улсад үйл ажиллагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: and.global
AND Solutions компанийн тухай
AND Solutions нь хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтыг (ML) ашиглан санхүүгийн үйл ажиллагааг хялбаршуулах финтек шийдэл боловсруулагч компани юм. Монголын тэргүүлэгч финтек компани AND Global-ийн охин компани болох AND Solutions нь зах зээл дээр баталгаажсан, цогц санхүүгийн шийдлүүдээ Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Австрали зэрэг 11 улс орны 30 гаруй нэр хүнд бүхий бизнесүүдэд хүргээд байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: andsolutions.net
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!