Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын талаар таагүй зүйл бичсэндээ харамсаж байгаагаа Илон Маск илэрхийлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн талаар таагүй зүйлсийг сошиал хуудсандаа бичиж, дайрч давшилсандаа харамсаж байгааг тэрбумтан Илон Маск өчигдөр илэрхийлжээ.

“Энэ бүхэн дэндүү хэтэрсэн байна” гэж тэр Х хуудсандаа харамсан бичсэн юм.

Америкийн хамгийн нөлөө бүхий улс төрч, бизнесмэн хоёрын муудалцах болсон шалтгаан нь Трампын санаачилсан “Big, Beautiful Bill” гэгдэж буй хуулийн төсөл байсан юм.

Энэ хууль батлагдвал татварын хэмжээ буурч, төсвийн зардал өссөнөөр АНУ-ын өрийн хэмжээ, төсвийн алдагдал эрс нэмэгдэх аюултай гэж Маск үзэж байв.

Тэр дөнгөж арваад хоногийн өмнө Трампын засаг захиргааны төсвийн хэмнэлт хариуцсан агентлагийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн юм.

Эхэндээ Маск хуулийн төслийг шүүмжлэхдээ Трампын нэрийг дурдахаас зайлсхийж байв. Харин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт тэдний зөрчил тэсэрч, сошиал орчинд нэг нэгнээ элдвээр доромжилж, сүрдүүлж эхэлсэн юм.

Үүний дараа Трамп дахин эвлэрэх аргагүй болтлоо Масктай муудсанаа мэдэгдэж байв.

Харин өчигдөр Маскийг харамслаа илэрхийлэхээс өмнөхөн Трамп хэвлэлд ярихдаа эвлэрэх боломж нээлттэйг хэлсэн юм.

Масктай тангараг тасарсандаа “бага зэрэг сэтгэл дундуур байгаа” ч “тэгтлээ гомдоогүйгээ” тэр Нью-Йорк Пост сонинд ярьжээ.

“Түүнийг хэлсэн зүйлдээ харамсаж байгаа гэж би бодож байна” гэж Трамп энэ үеэр нэмж хэлсэн байна.

Трампын санаачилсан хуулийн төслийг Конгрессын төлөөлөгчдийн танхим дэмжсэн бол одоо Сенатын танхим хэлэлцэж байгаа.

Маск хэрүүлийнхээ ид үеэр Трампыг секс боолчлол, хүний наймааны гэмт хэрэгтэн Жэфри Эпстайны хамсаатан хэмээн цоллож, үүнийг нотлох баримт засгийн газрын нууцын архивт байгааг баталж байв. Мөн түүнд ерөнхийлөгчөөр ажиллах ердөө 3.5 жилийн хугацаа үлдсэн хэмээн басамжилж байлаа.

Хариуд нь Трамп түүний компаниудтай АНУ-ын засгийн газрын байгуулсан нийт $38 тэрбумын дүнтэй гэрээнүүдийг цуцлахаар сүрдүүлсэн юм.

Үүний нэлээд хэсэг нь Маскийн сансрын технологийн SpaceX компанитай байгуулсан гэрээнүүд байв.

Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Маск дээрх бичсэн зүйлсийнхээ ихэнхийг сошиал хуудаснаасаа устгасан нь харагдаж байлаа.

 

Эх сурвалж: BBC