Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан сэтгүүлзүйн салбарын хүндтэй эрмүүдийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн зочноор ETV телевизийн Ерөнхий захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбатыг урьж чөлөөт хэвлэлийн үүсэл хөгжил, ирээдүйн талаар ярилцсанаа хүргэж байна.
Ц.Энхбат нь Монголын хэвлэлийн хүрээлэнг анхлан байгуулж, хөл дээр нь босгож 1994-2000 он, Монголын Үндэсний телевизийг 2000-2004 онд ерөнхий захирлаар амжилттай удирдаж, 2004-2012 онд ТВ-9 телевизийг хөгжүүлсэн Монголын хэвлэлийн топ менежерийн нэг юм.
Тэрбээр 2012 оноос ETV телевизийг удирдаж мөн л амжилт өөд хөтөлж буй юм.
-Та өглөөний их ажлынхаа хажуугаар өдөр тутмын сонинуудад гарсан мэдээ, нийтлэлд үнэлэлт дүгнэлт хийх, санаа авч ажилдаа тусгахуйц материалыг зурж тэмдэглэх зэргийг орхигдуулалгүй амжуулдаг бололтой. Ер нь өдөр тутмын сонин, телевизийн ажилд уялдаа холбоо байна биз?
-Өдөр тутмын сонинд гарсан материалууд болон гадаадын хэвлэлд ямар мэдээлэл гарсанд үнэлэлт, дүгнэлт хийх, тусгаж авах зэргээс би ажлаа эхэлдэг. Энэ үүднээс би Монголын өдөр тутмын бүх сониныг заавал уншдаг.
-Уржигдархан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт Ерөнхийлөгч Ц.Дашдондов гуайтай ярилцахад “Сэтгүүлзүйд дурсамж, намтар хэрэггүй” гэж байна лээ. Гэсэн ч би Н.Энхбаяр гуай та хоёрын төгссөн Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийн талаар асуумаар санагдаад болдоггүй ээ?
-Миний үндсэн мэргэжил бол утга зохиолын судлаач, шүүмжлэгч байгаа юм. Дэлхийд ганцхан байдаг Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд Зохиолчдын хорооны нэр дээр сураад 1983 онд төгсөж ирсэн.Оросын нэр алдартай том зохиолчид хичээлийг нь удирддаг, товчхондоо хүссэн хүн болгон элсэн орж чаддаггүй сургуулийг төгссөндөө олзуурхдаг.
Багш нар нь оюутнуудаа өөрийнхөөрөө бодож, сэтгэх тал руу нь түлхүү хөгжүүлж сургадаг нь Горькийн сургуулийн гол онцлог давуу тал байсан. Уран бүтээлч хүн давтагдашгүй, өөрийн гэсэн өнгө төрхтэй байх ёстой. Үүнийг л зааж сургадаг байв.
Хэн нэгнийг хуулбарлан дуурайх бус, алдсан ч оносон ч өөрийнхөөрөө л явах ёстой гэдэг зарчмыг тус сургуулийг төгсөгчдөд хэзээ ч арилахааргүйгээр суулгаж өгдөг ачтай сургууль. Энэ сургуулийг төгссөн хүмүүс ер нь л их бие даасан өөрийн давтагдашгүй үзэл бодол, өнгө төрхтэй болж төлөвшсөн байдаг нь яах аргагүй анзаарагддаг.
-Энэ сургуулийг сонгон суралцахад өөрийн тань аав Монголын нэртэй утга зохиолын судлаач, шүүмжлэгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Д.Цэнд гуай нөлөөлсөн л байх даа?
-Миний аав утга зохиолын судлаач, шүүмжлэгч, хэл уран зохиолын багш хүн байсан нь яах аргагүй нөлөөлсөн. Тухайн үед ганц зохиолчдын хороо гэлтгүй олон салбарт тухайлсан мэргэжлийг өвлүүлэх нь зөв юм гэсэн байр суурь нэлээн хүчтэй явж байсан юм билээ. Жишээ нь Хасбаатар гуайн хүү Мэргэн орчуулгын ангид оччихсон байсан бол Лувсанвандан гуайн охин Нарангэрэл мөн л тэр ангид сурч байсан
. Н.Энхбаяр даргын ээж нь МЗЭ-д нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас мөн сургуульд элсэн суралцах боломж Н.Энхбаяр даргад нээгдсэн. Ер нь би Горькийн сургуульд явах, төгсөж ирээд Монголын зохиолчдын хороонд ажилд орох зэрэгт дандаа л аз дайрсан гэж болно.
Зохиолчдын хороонд хэр баргийн орон тоо гардаггүй газар байсан.
Харин аз болж намайг төгсөж ирдэг жил утга зохиолын орчуулагч, судлаач Нарантуяагийн нөхөр нь Москвад томилолтоор ажиллах болсон тул орон тоо гарч би Зохиолчдын хороонд ажилд орж байлаа. Би эхлээд Зохиолчдын хорооны гадаад харилцааны хэлтэст ажиллаж байгаад удалгүй “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлд үргэлжлүүлэн ажилласан.
Тухайн үед Монголын зохиолчдын хороо гэдэг бол Монголын сор болсон сэхээтнүүдийн томоохон цугларал үүсгэсэн нэр хүндтэй байгууллага байсан. Оюуны том сэхээтнүүдтэй хамт ажилласан тэр он жилүүд миний хувьд амьдралын бас нэгэн их сургуулийг төгсөх шиг болсон.
-“Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлд ажиллаж байхдаа мэргэжлийнхээ ажлыг завсар чөлөөгөөр нь амжуулж л байсан байх даа?
-Өдөрт нь редакторын ажлаа хийнэ. Мэдээ, сурвалжлага бичнэ. Ажлын бус цагаар утга зохиолын шүүмж судлалын өгүүллээ бичдэг байлаа. Хоёр ч ном гаргасан. Анхны ном маань 1985 онд “Гэгээн алсад одох юмсан” нэртэйгээр, хоёр дахь нь 1989 онд “Буруугүй буруутнууд” нэртэйгээр хэвлэгдсэн.
Буруугүй буруутнууд” номынхоо нэрийг зохиолч Сорогдогын Жаргалсайханы “Сахиул” туужаас сэдэвлэсэн. “Сахиул” тууж бол Монголын нийгэм тэр аяараа сүйрлийн ирмэг рүү дөхөж явааг маш хурц, уран чадварлагаар харуулсан тууж.
-МоАХ байгуулагдаж, нийгмийн байгууламжаа өөрчлөх ардчилсан хувьсгалын тохироо бүрэлдэж байхад таны хоёр дахь ном хэвлэгдэн гарч байжээ дээ?
-1989-1990 он гэдэг бол Монголд үнэхээр том өөрчлөлт шинэчлэлтийг авч ирсэн түүхэн он жилүүд байжээ. “Сахиул” туужид гардаг шиг тэр эмгэнэлтэй нийгмийг монголчууд дээр дооргүй олоод харчихсан байсан болохоор 1990 оны ардчилсан хувьсгал тайван замаар, өчүүхэн ч цус урсгалгүй болоод өнгөрсөн гэж би үздэг.
Нийгмийн байгууламжаа үндсээр нь өөрчлөх тэрхүү хувьсгалыг Монголын сэхээтнүүд манлайлж, ард түмэн түрхрэн дэмжсэн нь нийгэм тэр аяараа өөрчлөлт, шинэчлэлтийг чимээгүйхэн хүлээж байсны нотолгоо юм.
Тухайн үед ЗХУ-д өөрчлөн байгуулалт, ил тод байдал жинхэнэ шуугиан тарьж М.Горбачёваас эхлээд нэрт яруу найрагч Р.Гамзатов хүртэл байгаа юмыг байгаагаар нь хэлж ярьцгаая “Бүргэдийг л бүргэд хэмээе” гэсэн нь “Тагтааг бүргэд гэж дуудахаа л больё” гэсэн санаа л даа.
Тэр үед ЗХУ-ын “Известия”, “Правда”, “Литературная газета” зэрэг өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал шингэсэн олон хэвлэл орж ирж байсан нь нийгмийн өөрчлөлтийг хүлээж байсан сэхээтнүүдэд ихээхэн нөлөө үзүүлсэн.
Ер нь тэр үед гарч байсан “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, ”Утга зохиол урлаг” сонинууд нэрнээсээ эхлээд л Оросын сонинуудын хуулбар байсан. Харин дээрх сонин хэвлэл 1990 оны ардчилсан хувьсгал тайван замаар амжилттай хэрэгжих нөхцөл бүрэлдүүлэхэд хамгийн их нөлөөлсөн нь бодитой.
-Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн сонин хэвлэл, бие хүмүүс олон байгаа. Та тэдгээрээс тодорхой хэвлэл, хүмүүсийн талаар дурьдахгүй юу?
-Олон хүнийг нэрлэх ёстой. Энэ дотроос онцгойлон нэрлэх хүн, байгууллага бий. Монголын чөлөөт хэвлэлийн хөгжлийн түүхэнд Монголын Чөлөөт Ардчилсан сэтгүүлчдийн Эвлэлийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй. Монголын сэтгүүлчдийг энэ байгууллагын дээвэр дор нэгтгэж удирдсан тус байгууллагын анхны ерөнхийлөгч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовын гавьяа зүтгэлийг юуны өмнө дурьдах ёстой.
Мөн өнөөдрийн чөлөөт хэвлэлийн анхны сууриа тавьсан бусдыг дагуулан уриалж, итгэл төрүүлсэн “Монгол ньюс” компанийн захирал Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсныг заавал санан дурсах ёстой.
-Н.Энхбаяр гуай та хоёр Горькийн сургуульд хамт сурч, дараа нь Монголын зохиолчдын хороо, бүр дараа нь “Данида”-гийн төслийг нэг нь удирдаж нөгөөх нь тэр төслийн хүчээр байгуулагдсан Хэвлэлийн хүрээлэнгийн анхны захирлаар ажиллаж явсан байдаг. Харин нэг онцлог нь очсон газар бүртээ тухайн ажлыг босгож, сэргээсэн юм билээ?
-Ном бичих нь байшин барих, мод тарихтай адилхан. Цаад утгаараа бүтээнэ, босгоно гэсэн үг. Бүтээлч байх, бүтээлчээр амьдрахыг бид Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулиас сурч хүмүүжсэн. Н.Энхбаяр дарга 1980 онд төгссөн бол би 1983 онд төгссөн.
Зохиолчдын хороонд Н.Энхбаяр дарга гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байхад би “Утга зохиол урлаг” сонинд ажиллаж байлаа. Ингэж явсаар 1989 онд Монголын зохиолчдын хороо хоёр хуваагдаж Монголын чөлөөт зохиолчдын эвлэл байгуулагдахад Н.Энхбаяр дэд даргаар нь сонгогдоод явсан.
Зохиолчдын хороо хоёр хуваагдсан нь Монголын зохиолчдод болон зохиолчдын байгууллагын цаашдын хөгжилд хортойгоор нөлөөлсөн. Ингэж бидний зам 1989 оноос салсан ч 1994 онд ажил төрлийн байдлаар дахин нийлсэн юм.
Тэр үед Н.Энхбаяр Соёлын яамны сайд байхдаа “Данида”-гийн төслийн Монгол талын Байнгын хорооны дарга байсан. Ц.Дашдондов, С.Цэрэндорж даргатай Монголын Сэтгүүлчдийн хоёр байгууллага тэр төсөлд идэвхтэй хамтран ажилласны үр дүнд чөлөөт хэвлэл, сонины хэвлэх үйлдвэр, Хэвлэлийн хүрээлэн байгуулах төсөл амжилттай хэрэгжсэн юм. “Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” нэртэй тэрхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тэр үеийн Ерөнхий сайд асан П.Жасрай гуай ч ихээхэн хүчин зүтгэл гаргасан юм.
-Яах аргагүй Данийн ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн төсөл гэж ойлгож болно доо тийм ээ?
-Тэгэлгүй яах вэ. Дани улсын нийт таван сая ард түмний чин сэтгэл шингэсэн гурван сая ам.
доллараар хэрэгжсэн төсөл шүү дээ. Ер нь даничууд аливаа төслийг санхүүжүүлэхдээ ямар нэг хариу нэхэж, ард нь зорилго агуулдаггүй, чин сэтгэлээрээ өглөг өгдөг хамгийн өгөөмөр ард түмэн. Дани хүн бүр жилд таван ам. доллар буюу нийтдээ 25 сая ам.долларыг ядуу буурай орнуудад хандивладаг, жинхэнэ өгөөмөр сэтгэлтэй ард түмэн шүү дээ.
Данийн сэтгүүлзүйн сургууль гээд Европт алдартай сургууль энэ төслийг гардан хэрэгжүүлсэн. Анх Хэвлэх үйлдвэрийн даргаар “Иргэн” Ламжавын охин Пүрэвсүрэнг томилчихсон байсан юм. Харин удалгүй Х.Наранжаргал тэр ажилд очсон.
Харин Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахад би тэнцсэн. Яг намайг томилоход уг төслийн Монголын талын байнгын хорооны дарга Н.Энхбаяр гадаадад томилолттой байсан. Ингэж л эргэж уулзсан. Танил учраас ажил явахад хялбар байсан.
-Таны хувьд МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байхдаа Л.Гүндалай, Э.Бат-Үүл нарын алдарт тэмцлийн бай болж нэг хэсэг дуулиан дагуулж байсан байх аа. Ингэхэд Л.Гүндалай та хоёрын дунд байдаг “10 ширхэг цамц”-ны асуудал эцэслэн шийдэгдсэн үү?
-Хэвлэлийн хүрээлэнгийн захирлаар долоон жил ажиллаж, хөл дээр нь босгочихоод байтал тухайн үед “Зууны мэдээ” сонинд эрхлэгчээр ажиллаж байсан Б.Ганболд дарга санал тавьсан. “Бүгдээрээ Монголын Үндэсний Радио Телевизид хамтарч ажиллая, Б.Пүрэвдашийг радиогийн даргаар, чамайг телевизийн даргаар тавина” гэсний дагуу очиж 2000-2004 онд захирлаар нь ажилласан юм. Бид багаараа амжилттай ажиллаж хамгийн хүнд үеийг даван туулсан.
Харин Э.Бат-Үүл, Л.Гүндалай нарын алдарт дайралтын тухайд бол би тийм зүйл болно гэдгийг анхнаасаа мэдэрч байсан юм. Анхнаасаа л 2004 оны хавар Э.Бат-Үүл талбай дээр тракторчдын жагсаал хийж бужигнуулсан бол Л.Гүндалайг онгоцны буудал дээрээс баривчилж үймж байсан. Тэгж байтал Сонгуулийн дүн гарч СЕХ-н дээр жагсаж байсан хүмүүс бөөнөөрөө Монголын Үндэсний радио телевиз рүү хөдөллөө гэсэн мэдээлэл авсан.
Би анхнаасаа л “Монгол хүмүүс байна. Хэл амаараа учир зүйгээ олох ёстой. Хэрхэвч мөргөлдөөн гаргаж болохгүй” гэдэг байр суурийг хатуу баримталсан. Жагсагчдыг иртэл манай дарга нар олдохгүй алга болчихсон байсан. Жагсагчид эсэргүүцэгчидтэй үнэндээ би ганцаараа тулсан. Манай уран бүтээлчид ч алга болцгоочихсон байсан. Тэгээд яах вэ дээ уурлаж бухимдсан хүмүүс намайг барьж аваад түрээд, тал талаас нь чангаасан.
Тэр үед би цоо шинэ цамц өмсчихсөн байсан чинь товчнууд нь бүгд унаж цээж, хоолой улаан эрээн юм болчихсон л байсан.
Тэр явдлын мөрөөр Л.Гүндалайд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Хожим цагдаагийн мэдүүлгэн дээр миний бичсэн “Гомдолгүй” гэдэг үгээр цагаатгагдсан юм билээ. Дараа нь Германы Элчин дээр болсон нэг арга хэмжээн дээр тааралдаад “Өөрийн тань гомдолгүй гэсэн бичгийн хүчээр надад Эрүүгийн хэрэг үүсгээгүй. Их баярласан шүү. Танд би 10 ширхэг цамц авч өгнө өө” гэж хэлсэн. Цамцны тухайд яах вэ, тийм ч чухал зүйл биш ээ.
-Таныг ТВ-9 телевизийн захирлаар яах аргагүй Н.Энхбаяр дарга дуудаж томилсон гэх юм билээ. Тэр талаар сонирхуулж болох уу?
-Энд нуугаад байх юм юу ч байхгүй. 2004 оны сонгуулийн дараа намайг Монголын үндэсний телевизийн ерөнхий захирлын ажлаас чөлөөлсөн. Ажлаа дөнгөж өгтөл Н.Энхбаяр даргатай хамтран ажилладаг хүмүүс надад “ТВ-9 телевиз байгуулагдаад нэг жил болж байгаа ч санхүүгийн хувьд тун хүнд байдалд орчихлоо. Энэ телевизийг хөл дээр нь босгож өгөөч” гэж санал тавьсан. Тэгээд л би ТВ-9-д очиж үндсэндээ найман жил удирдан Монголын том телевиз болгосон.
-Та Хэвлэлийн хүрээлэнгийн захирал байхдаа гол нь ямар чиглэл, зорилгыг эрхэм болгон ажилласан бэ. Тэр үед төгссөн одоо ажиллаж байгаа сайн сэтгүүлчид гэвэл хэн хэн байгаа бол?
-Хэвлэлийн хүрээлэнгийн гол зорилго нь сэтгүүлчдийн сургах, давтан сургах юм л даа. Тухайн үед Монголын сэтгүүлзүй нь хэн, юу, хэзээ, хаана гэсэн дөрөвхөн асуултад хариулахад л чиглэгддэг байсан.
Тэгвэл Хэвлэлийн хүрээлэнгийн зорилго нь яагаад ийм юм болов, хэн хэрхэн үйлдэв гэдэг асуултад хариулдаг болгохын тулд сэтгүүлчдийг давтан сургаж эхэлсэн юм. Сэтгүүлчдийн мэдлэг мэргэжлийг цоо шинээр цэнэглэж, хэвлэл мэдээллийн сүүлийн үеийн техник технологийн бааз суурь дээр сургаж бэлтгэсэн.
Мөн төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн материаллаг баазыг бодитойгоор бэхжүүлж чөлөөт хэвлэлийг сонгодог утгаар нь хөгжүүлэхэд зорилгоо чиглүүлсэн. Монголд хэрэгжсэн мянган мянган төслөөс хамгийн амжилттай, одоог хүртэл үргэлжилж буй нь Чөлөөт хэвлэл төсөл юм. Энэ үүднээсээ Данийн сэтгүүлзүйн сургуулийн оруулсан хувь нэмрийг үнэлэх ёстой.
Төгсөгчдөөсөө дурьдвал “Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Отгонбаяр, “ММ” агентлагийн захирал С.Батзаяа, “Улстөрийн тойм” сонины эрхлэгч Л.Мөнхбаясгалан гээд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удирдаад явж байгаа олон хүн бий.
-Өнөөдөр 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монголын сонины холбооны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Сонины холбооны 15 жилийн тухай ярихаас өмнө Сонины хэвлэх үйлдвэр байгуулагдсан түүхэн үйл явцыг дурдах хэрэгтэй. Чухамдаа сонины хэвлэх үйлдвэр ашиглалтад орсноор зуу зуун сонин Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авах хэмжээнд сонины зах зээл жинхэнэ сонгодог утгаараа хөгжсөн.
Тэдгээрээс одоо хүртэл оршин амьдарсаар байгаа “Сэрүүлэг”, “Хань”, “Монголын нэг өдөр”, “Шуурхай зар” гээд олон сонинг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Чөлөөт хэвлэлийн түүхэнд онцгой ул мөр үлдээсэн хүмүүсээс “Ардчилал” сонины эрхлэгч С.Амарсанаа, “Ил товчоо” сонины эрхлэгч Г.Аким, “Хөх толбо”-ын Б.Эрдэнэбаатар, С.Зоригийн ах С.Баяр, эдгээр хүмүүсийг удирдан зангидаж байсан Монголын Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Ц.Дашдондов гуай нарт онцгойлон баяр хүргье.
Орон нутагт чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх үйлсэд дорвитой гавьяа байгуулсан Дархан-Уул аймгийн сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн нарыг Ц.Дашдондов гуай заавал дурсдаг.
Мөн Монголын Сонины холбоог 15 жилийн турш амжилттай удирдаж яваа Р.Хадбаатар, С.Баярмөнх нарын чөлөөт хэвлэлд оруулсан хувь нэмрийг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс болон түүний мянга мянган уран бүтээлчидтэй “их арми” Монголын ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулж ардчиллын гол эрх болох үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулж байна.
-Өнөөдөр Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа ЕТV телевизийнхээ талаар та юу хэлэх вэ?
-Энэ телевизийн захирлаар ажиллаад жил гаруй болж байна. Анх жижигхэн телевиз байсан. Одоо бол орон даяар нэвтрүүлгээ цацдаг зургаан том телевизийн нэг боллоо. Удахгүй зургаан сарын дараа бид номер нэг болох зорилго тавьсан. Тэр зорилгоо ч биелүүлж чадна.
2014 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг ЕТV телевиз дангаараа дамжуулна. ЕТV телевиз нэгэнт агаарт хөөрчихсөн. Ингээд Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан нийт мэргэжил нэгт нөхдөдөө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|