Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чулуунбат: Хөгжлийн бэрхшээлтэй байлаа гээд мөрөөдлөө дотроо нуух ёсгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Занданбат /Mpa.mn/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Чулуунбат 100 км урт үргэлжлэх Бодончийн хавцлыг 15 цаг гүйж туулжээ.

Тэрбээр тал биеийн/зүүн талын гар, хөл/ саажилтын улмаас таван удаа тархины хагалгаанд орж, 2010 онд групп тогтоолгосон байна. Ингээд нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарлан хэсэг хугацааг өнгөрүүлсэн Б.Чулуунбат хэрхэн өөрийгөө өөрчилж, гүйлтээр хичээллэн, эрүүл мэнд болон сэтгэл зүйн хувьд олон давуу талыг бий болгож чадсан талаараа хуваалцсан юм. 

- Яагаад гүйх болсон талаар нь яриагаа эхлэе гэж бодож байна?

- 2016 оноос фитнессээр хичээллэж эхэлсэн. Дасгал, хөдөлгөөн зөвхөн биеийн хувьд бус сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. 2020 оны тавдугаар сараас гүйж эхэлсэн. Анх 500 метр газар гүйж үзээд таалагдсан учраас бага багаар зайгаа уртасган гүйж байлаа. Тухайн үед манай гэр Баянхошуунд байдаг байлаа. Гэрийн ойролцоо байх Гүнжийн нүдэн нуурыг нэг бүтэн тойроход 500 метр болдог. Өдөр өдрөөр тойргийн тоог нэмэгдүүлсээр нэг л мэдэхэд 50 тойрог буюу нэг удаадаа 25 км гүйдэг болчихсон байв. Яг тэр үед Нью Йорк хотын марафон виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан. Манай улсад Маршалын гүүрний дугуйн замд зохион байгуулагдсан тус марафоны зам 42 км урт байсан бөгөөд хичээж байгаад барианд орж чадсан маань надад маш их урам зориг өгсөн. 

- Хамгийн дээд тал нь нэг удаадаа 25 км гүйж үзсэн хэрнээ 42 км-ийн марафонд оролцсон хэрэг үү?

- Тийм ээ. Марафонд түрүүлэх нь чухал биш барианд орох ёстой гэж хичээсэн. Сүүлийн  хэдэн км-т нь алхаад барианд орсон. Яагаад гэхээр туршлагагүй, гутлын сонголт буруу гэх мэт асуудлууд байлаа. Хамгийн гол нь зүүн тал саажилттай учраас баруун талын хөлөнд маш их ачаалал ирдэг. 30 гаруй км гүйсний дараа баруун хөл өвдөж эхэлсэн учраас алхаад ч хамаагүй бариандаа орохыг зорьсон юм.

Яг энэ өдөр Бодончийн хавцлаар гүйх санаа төрсөн. 

- Бодончийн хавцал тухайн замаас бараг 2.5 дахин урт. Хавцалд гүйх онцгой шалтгаан байсан юм уу?

- Олон шалтгаан байсан. Хамгийн том нь аавтайгаа хамт нутаг руугаа явах нь байлаа. Манай аав авто машин засдаг юм. Аавынхаа зассан машинд суугаад Ховд аймагт очоод, араасаа дагуулаад хавцлаар гүйж нутагтаа очихыг хүссэн. Ингээд 2020 оны аравдугаар сараас хойш зорьж, бэлтгэлээ тууштай хийгээд долдугаар сард зорьсондоо хүрсэн дээ. Тэр хүртэл мэдээж амар байгаагүй нэг есийн хүйтэнд хуруу, гараа хөлдөөгөөд л тасралтгүй бэлтгэлээ хийгээд байсан. Тэр бүх хугацаанд гэр бүлийнхэн маань маш их дэмжсэн. Одоо ч дэмжиж байгаа. 

Зөвхөн биеийн бэлтгэл гээд зогсохгүй хоол ундаа зохицуулах, усаа ямар давтамжтай хэрхэн уух гээд олон нарийн зүйлсээ тамирчин ах нараас асууж, зөвлөгөө авч байсан.

Бэлтгэлээ маш сайн базаасан ч хамгийн гол нь дотроо үүнийг чадна гэдэгтээ итгэлтэй байхад аав минь том түшиг байлаа. Гүйлт бүхэлдээ гэр бүлийнхэнтэйгээ хамт бүтээсэн гайхалтай дурсамж болсон. Найман настайгаас 80 настай хүртэл хамаатнууд маань хамт гүйж, араас дагаж дэмжсэн. Эмээ маань хүртэл надтай хамт 100 метр газар гүйсэн. 

- Та түрүүн саажилт өгөөгүй талын хөл маш их ачаалал авдаг талаар хэлсэн. Гүйх нь эмчилгээнд хэрхэн нөлөөлөх вэ?

- Миний толгой унтахаас бусад бүх үед өвддөг байсан. Багаасаа өвдсөн учраас сүүлдээ өвчин намдаах эмнүүд нөлөөлөхгүй хэмжээнд хүрээд байлаа. Эмчийн зүгээс агаарт гарахыг байнга зөвлөдөг, би ч хэрэгтэйг нь мэддэг хэрнээ яг ухамсарлаж ойлгоогүй байсан. Гэтэл анх удаа гүйсэн өдөр толгой өвдөөгүй. Цаашлаад гүйлтээ нэмэгдүүлэх тусам толгой өвдөх нь багасаж байлаа. Хоёр сарын өмнөөс огт толгой өвдөхөө больсон. Хэрвээ би гүйгээгүй байсан бол өдөр бүр 1-2 удаа өвчин намдаах эм ууж байх байсан. Би ийм зүйл болно гэж төлөвлөж гүйгээгүй ч надад маш том шагнал шиг санагддаг. 

 
Гэрэл зургийг Д.Занданбат /Mpa.mn/

Баруун талын хацар дээр маань 2011 оноос хойш байнга юу нь мэдэгдэхгүй юм гардаг байсан. Юу ч хэрэглэсэн зүгээр болдоггүй байсан тэр үрэвсэл гүйж эхэлснээс хойш багассаар алга болсон. Үүнийг бас гүйлттэй холбоотой гэж боддог.

Хамгийн гол зүйл нь би маш их эрч хүчтэй болсон. 

- Тэмцээнд оролцох талаар төлөвлөж байгаа юу, зуны 16 дахь удаагийн паралимпын наадам нээлтээ хийгээд байна. Паралимпын наадамд оролцох зорилго бий юу?

- Анхны оролцсон виртуал марафонтой адил олон улсын тэмцээнд очиж оролцохыг хүсэж байна. Магадгүй дараа жил Лондон, Нью Йорк эсвэл Чикаго хотын ч юм уу марафонд оролцох төлөвлөгөөтэй.

Миний гурван жилийн дараах зорилго 2024 оны олимп. Ойрын хугацааны хамгийн том зорилгодоо хөтлөгдөөд бэлтгэлээ хийж байгаа. Энэ жил зуны олимпын наадамд гурав дахь удаагаа оролцож буй манай улсын алдартай гүйлтийн тамирчин Б.Сэр-Од 40 настай. Би энэ жил 28 нас хүрсэн. Тэгэхээр би л бэлтгэлээ хийж чадвал гурван олимпод оролцох боломж насны хувьд байна гэж харж байгаа. 

- Гүйлтийн багштай юу, бэлтгэлээ хаана хийдэг вэ?

- Олон мундаг тамирчдаас зөвлөгөө авдаг. Гүйлтийн хамгийн гол зарчим нь тогтмол байх ёстой. 

Яг одоогоор өнгөрсөн жилийн Нью Йорк хотын марафоны бэлтгэлийн загварын дагуу бэлтгэлээ хийж байна. Ямар бэлтгэлийг хийвэл тухайн марафонд амжилттай оролцох талаар загвар гаргасан байдаг. Түүний дагуу бэлтгэл хийж байгаа гэсэн үг. 

- Хэрвээ та гүйлтээр хичээллээгүй байсан бол гэж боддог уу?

- Тэгэлгүй яахав. Хэрвээ би гүйгээгүй байсан бол бараг хэн ч биш нэгэн байх байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл хүмүүстэй адилхан хүн биш гэдэг хандлага нийгэмд маш хүчтэй оршиж байна. Гүйлт бол миний тэр хандлагын эсрэг хийж байгаа зүйл. 

Янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Тэр бүх хүмүүс өөрийн дуртай зүйлээ олоосой, спортоор хичээллээсэй, өөрийн хийж чаддаг зүйлээрээ бусдад танигдаасай гэж хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй байлаа гээд мөрөөдлөө дотроо нуух ёсгүй. Харин ч хийж байгаа үйлдэл чинь ёс зүйтэй бөгөөд зөв бол хэнээс ч айхгүйгээр хүссэн зүйлээ хийх ёстой. 

Хүссэн зүйлээ олоод, өөрийнхөө хэмжээнд амжилт гаргаад ирэхээр шагналд нь өөрөөрөө бахархах, сэтгэл ханамжтай байх давуу талууд бий болдог. 

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 
Гэрэл зургийг Д.Занданбат /Mpa.mn/