Ховд аймгийн төвөөс 300-400 км алслагдан, улсын хил дагуу байрлах Булган, Үенч, Алтай сумыг зорих бол 110 км үргэлжлэх Бодончийн хавцлыг дайран өнгөрдөг.
Алтайн нурууны Бага улаан даваанаас Тэмээн хүзүү хэмээх огцом эргэлт ихтэй хавцлын төгсгөл хэсэг хүртэл 100 орчим км зам туулахдаа сүрлэг чулуун хадан уулс, гол, зэрлэг амьтан, ургамал гээд нүд булаах байгалийн үзэсгэлэнт тогтоц олонтой. Хавцлын дундуур Бодончийн гол урсдаг тул хавцлыг ийнхүү голын нэрээр нэрлэжээ.
Хавцалд засмал зам тавихаас өмнө дээр дурдсан гурван сумынхан аймгийн төвдөө хүрэх гэж 1-2 хоног явдаг байж. Нутгийн хүн "Том том үхэр чулуунуудаа сүлжээд л явдаг байлаа. Баргийн машин явахгүй. Бага улаан даваагаар давна гэдэг тун хэцүү байсан" хэмээн хуучилж байв.
Сүрлэг, эгц хадан уулсын дундах урт хавцалд хатуу хучилттай зам тавигдаж, хөл хөдөлгөөн ихэссэн хэдий ч малчин өрхүүд уламжлалт тэмээн хөсгөөрөө нүүдэллэн Бодончийн голоо даган аж төрсөөр байна.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү.
Хавцлыг "Мэлмий энтертайнмент" 2018 онд дроноор бичиж дүрсжүүлснийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!