Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанаас зэвсэгт этгээдүүд Узбекистан, Тажикистаны газар нутагт халдвал ОХУ хамгаалахыг үгүйсгэхгүй гэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Афганистаны талаас зэвсэгт этгээдүүд Тажикистан, Узбекистаны нутаг дэвсгэрт халдвал ОХУ батлан хамгаалах хамтын гэрээний дагуу дээрх улсуудад тусламж үзүүлэх боломжтой гэнэ.

Өчигдөр Эхо Мосвкы радио станцад ярилцлага өгөхдөө Афганистанд томилогдсон ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Замир Кабулов энэ тухай ярьжээ.

Ингэхдээ зөвхөн хамтын ажиллагааны гэрээтэй орнуудынхаа хил хязгаарт халдсан тохиолдолд, тэдгээр орнуудын хүсэлтээр цэрэг оруулах боломжтой гэсэн байна. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд тухайн орнуудын зэвсэгт хүчний чадварт найдах гэнэ.

“Тухайлбал Узбекистан улс нэлээд сайн зэвсэгт хүчинтэй. Тус улс Афганистантай 150 км шугамаар хиллэдэг нь байлдааны ажиллагааны цар хүрээг хязгаарлаж байна. Узбекийн зэвсэгт хүчин газар нутгаа гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс хамгаалах чадвартай гэдэгт бид итгэлтэй байна” гэж Кабулов ярьсан юм.

Тэрбээр цааш нь ярихдаа ”Хэрвээ өөрийн хүчээр газар нутгаа хамгаалах боломжгүй болбол тэд холбоотондоо хандах бүрэн эрхтэй. Гэхдээ энэ талаар урьдчилж янз бүрийн таамаг дэвшүүлмээргүй байна” гэжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 20 жил үргэлжилж буй Афганистаны дайныг дуусгаж, цэргээ гаргах шийдвэрийг зарласан юм.

АНУ-ын цэрэг Афганистанаас гарах үйл явцтай зэрэгцэн исламын тулгуур үзэлт Талибан хөдөлгөөн байлдааны ажиллагаагаа эрчимжүүлж, тус улсын газар нутгийн 85 хувийг хяналтдаа оруулаад байна.

Талибанчуудын эзэлсэн хэсэгт Иран, Хятад, Пакистан, Тажикистан, Туркменистантай хил залгаа газар нутгууд багтаж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС