Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Суурьшлын бүсэд могойтой таарвал оролдож уурыг нь хүргэж болохгүй. 323780, 310005 утсанд дуудлага өгнө"

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг http://www.ulaanbaatar.mn/

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж буй. Үүнтэй холбогдуулан НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

- Суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Үүний шалтгааны талаар мэдээлэл өгнө үү?

- 2016 онд хийгдсэн амьтны аймгийн судалгаагаар Улаанбаатар хот орчимд хоёр зүйлийн могой бүртгэгдсэн. Хоргүй буюу рашааны могой, хортой бамбай хоншоорт могой хот орчимд тархсан байна. 

Зэрлэг амьтад идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэний улмаас, бороо их орсон жил үерийн усаар дамжиж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд байгаа. 

2018 онд төвийн зургаан дүүргийн суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн тухай 30 удаагийн дуудлага хүлээн авч байсан бол 2019 онд 43, 2020 онд 116 удаагийн дуудлага хүлээн авч ажилласан. 2020 онд бүртгэгдсэн нийт дуудлагын 30-40 хувь нь могойн дуудлага байсан бөгөөд очиж ажиллахад 90 орчим хувь нь бамбай хоншоорт хортой могой байсан. 

- Хортой могойг хэрхэн таньж мэдэх вэ?

- Энгийн иргэд могойг шууд хараад хортой, хоргүйгээр нь ялгахад төвөгтэй. Могой амьдарч байгаа газар нутгийнхаа онцлогоос хамаарч өөр өөр өнгөтэй бөгөөд хүүхэн хараагаар нь хортой эсэхийг нь ялгаж болно. Хортой могойн хүүхэн хараа босоо байдаг. 

Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүй.  

Могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй хүлээх ёстой. 

Амралт зугаалгын улирал эхэлсэн байгаа энэ үед иргэд та бүхэн өндөр өвстэй газраар явахдаа урт түрийтэй гутал өмсөж могойд хатгуулахаас сэргийлээрэй. 

- Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг шууд байгальд нь буцаан тавьдаг уу, гэмтэж бэртсэн амьтдыг хэрхэн эмчилдэг вэ?

- 2017 онд ан амьтны мэргэжлийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд анх удаа "Зэрлэг амьтан асрах байр"-ыг байгуулсан. Гэмтэж бэртсэн амьтдыг асрах байранд байлгаж эмчлээд эргэж байгальд нь тавьдаг. Харин идэш тэжээл хайж орж ирсэн амьтдыг гэмтсэн эсэхийг шалгаад шууд байгальд нь буцаан тавьдаг.