Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацсан Монголын эдийн засаг

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2021 оны 6 сарын 28
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зам тээврийн яамнаас хэд хоногийн өмнө Хятадын Тяньжин боомтод саатаад байсан импортын бараа бүтээгдэхүүний 3,162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээлгэж өгсөн тухай мэдээллээ.

Ачаа тээврийн хурд хоёр дахин нэмэгдсэн гэж тодотгож байгаад мэдээлнэ лээ. Хурд нэмэгдэх сайн хэрэг л дээ. Гэхдээ алгаа ташиж баярлахаар мэдээ лав биш. Дахиад ч өчнөөн чингэлэг бий, яг хэзээ орж ирэхийг хэлэх албаныхан өнөөхөндөө алга.

Иргэд сүүлийн гурав,  дөрвөн сарын турш захиалсан бараагаа хүлээсээр суугаа. Хэрэглэдэг барааныхаа ихэнхийг гаднаас импортолдог манай улсын хувьд энэ гацалт үнийн өсөлтөөр илрээд эхэлчихсэн.

Товчхондоо ковидоос болж орлогогүйдсэн иргэдийн халаасыг тэмтэрсэн гацалт болж байна, Тяньжинд. Ачаа барааны гацалтаас болж өмнө нь 1,500 төгрөгөөр авдаг байсан гарын савангаа 2,000 төгрөгөөр авсан шигээ аж төрж суугаагийн эхний том шалтгаан нь мэдээж цар тахал. Гэхдээ худалдааны нэгдсэн бодлогогүй, худалдаа арилжааны харилцаагаа 84 дүгээрт тавьсан төр засгийн буруу илүү жин дарна.

ковидоос болж орлогогүйдсэн иргэдийн халаасыг тэмтэрсэн гацалт болж байна, Тяньжинд.

Тахлаас өмнө Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 8,000-10,000 юань байж. Гэтэл энэ сарын байдлаар Эрээн-Улаанбаатарын автомашины ачаа тээвэрлэлтийн үнэ 50,000-60,000 юань болоод тэнгэрт хадчихаж. Ачаа тээвэрлэлтийн үнийн энэ өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болж хувирна.Өөрөөр хэлбэл бас л жирийн иргэдийн халаасыг тэмтэрнэ.

Олон иргэд, бизнес эрхлэгчид ачаа бараагаа захиалж авч чадахгүй, захиалагчдадаа буцаалт хийж эхэлсэн тухай мэдээ ч чих дэлсэж байна.

Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг байсан цар тахлын өмнөх үеийг өнөөдөртэй харьцуулбал Монгол Улсын эдийн засагт сард таван сая юань, жилд хоёр тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хохирол учирч байгааг тогтоосон судалгаа ч харагдана лээ.

Орох ачаа нь овоорсон энэ дүр зургийн нөгөө талд гарах ачаа нь ч таг гацчихсан гашуун үнэнтэй улсаараа нүүр тулчихсан сууж байна, бид. Азийн Монгол гадагшаа доллараар арилжаалдаг тун цөөхөн бүтээгдэхүүнтэй. Нүүрс, зэс, ноолуур гэсхийгээд барагладаг. Нүүрсний экспорт таг гацсан дүр зурагтай байна.

Таван толгойн Ухаа худагт олборлолт хийдэг “Энержи ресурс” компани наймдугаар сарын 1 хүртэл тэг зогсолт хийчихэж. Ухаа худагийн уурхай огт ажиллахгүй байгаа гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ч ижил өнгөтэй байна. Олдог долларынхаа ихэнхийг нүүрснээс олдог манай улсын хувьд энэ бол маш таагүй мэдээ.

Сонгуулиас болж алдагдал нь хэтээсээ талийчихсан төсвийн орлогыг нүүрсний экспортын тасалдал огцом хумих нь тодорхой болчихлоо. Зэсийн баяжмалын экспорт ч гавихгүй яваа сураг дуулдаж байна.

Товчхондоо гаднаас авдаг бараа нь боомт дээр гацаад дотооддоо барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, гадагшаа зардаг бүтээгдэхүүнийх нь экспорт Гашуунсухайт дээр таг гацаад олдог доллараа олж чадахгүй сууж байна даа, улсаараа.

Экспорт ингэж гацсаны гайг бид ажил амьдрал буцалсан есдүгээр сараас мэдэрч эхэлнэ. Хамгийн том эрсдэл нь долларын ханшийн өсөлт. Н.Золжаргалаас Н.Баяртсайхан төв банкны ерөнхийлөгчийн тамгыг гардаж авдаг жилийн намар төгрөгийн ханш яаж өслөө, яг тэрэн шиг ногоон валютын ханш огцом чангарах нь тодорхой болчихсон.

Төгрөг сулрах хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн дээрээ нэмэгдэнэ. Худалдааны нэгдсэн бодлогогүй төр засгийн хэнэггүйрхлээс болж доллар олох сувгаа хаалгачихсан сууж байгаа гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Монголын Засгийн газар тахлын үед зөв менежмент барьж нэгдсэн бодлоготой ажиллаж чадаагүйн гайг өнөөдөр улсаараа үүрч байна. Гуравхан сая хүн амтай, сая гаруй нь нийслэлдээ, үлдсэн сая гаруй нь тархуу суурьшсан улсад ковидын тархалтыг нам хазаарлаж, иргэдээ вакцинд бүрэн хамруулах уг нь тэгж их толгой гашилгахаар ажил биш. Цар тахлын үед зөв тактиктай ажилласан бол өдөрт хэдэн мянгаар халдвар илэрч, хагас мянган хүн цаг бусаар амиа алдаж, эдийн засаг ингэтлээ туйлдахгүй байсан юм.

Монголын Засгийн газар тахлын үед зөв менежмент барьж нэгдсэн бодлоготой ажиллаж чадаагүйн гайг өнөөдөр улсаараа үүрч байна

Яг ийм хэцүү цагт дотоодын бизнесээ хэр дэмжиж байна вэ гээд харахаар бас л хэцүү зураг харагддаг. Коронавирусийн ямар ч тохиолдол илрээгүй, сураг нь сонсогдсон үеэс л аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг барьж, үйл ажиллагааг нь зогсоосон алдаа Засгийн газарт бий. Шуудхан хэлэхэд, хувийн хэвшлийнхэн жил хагасын хугацаанд хөл хорионд байна.

Өндөр хүүтэй зээлээр амь зуудаг, өчнөөн ажлын байр бий болгож олон хүнийг орлоготой аж төрүүлдэг компаниудын хувьд жил хагасын байтугай ганц, хоёр сарын хөл хорио ч өчнөөн хохирол дагуулдаг.

Ресторан, кофе шопуудын саяхны эсэргүүцэл тэвчээрээ барсан аж ахуйн нэгжүүдийн аргаа барахдаа хийсэн алхам л даа. Ресторанууд засгийн шийдвэрийг эсэргүүцэж үйлчилгээ үзүүлж эсэргүүцэл илэрхийлсэн тэр өдөр маш олон иргэн төр засгийн буруу бодлогын эсрэг шүгэл үлээсэн хоолны газруудын үүдэнд дугаар үүсгэнэ лээ. Мэдээж тэд өлссөндөө хоолонд орох гэж ингэж дугаарлаагүй.

Яг үнэндээ иргэд, компаниудаа бараг хоёр жил таг хорьж орлогогүйдүүлсэн төрийн харалган шийдвэрийг эсэргүүцэж “жагссан” юм. Олны эсэргүүцэл хүчтэй байсан учраас хотын дарга “За яахав. та нарыг ажиллуулъя” гэж дуугарсан ч хариуцлагын гэрээ гэх хэцүү агуулгагай шийдвэр гаргаж олны дургүйцлийг өдөөгөөд байна.

Үүдээ нээсэн ресторанаар үйлчлүүлсэн хүнээс халдвар илэрвэл хариуцлага хүлээлгэнэ гэсэн утгатай хөлдүү заалт нь хэчнээн аж ахуйн нэгжид төвөг чирэгдэл удахыг өнөөхөндөө хэлэхэд эрт. Энэ мэтээр төр засгийн шийдвэр бүр компаниудын эсрэг чиглэсэн агуулгатай гарч байна.

Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацаж, хувийн хэвшил нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа эргэж харж ухаалаг бодлоготой ажиллахгүй бол ковид дууссаны дараа гадаад өр, төсвийн алдагдал, цойлсон инфляц, ханш нь навс унасан төгрөг, газар авсан ажилгүйдэл, дарангуйлал ханхалсан засаг лалтай л сууж байх нь дээ, улсаараа.

 

Зураг