Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд машинтайгаа живж байсан иргэдийг аварчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зун цагт иргэд гол мөрний ойролцоо амарч зугаалдаг болон усархаг борооны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэгтэй холбоотой осол эндэгдэл гарах нь ихэсдэг. 

Иймд иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, гол гатлахдаа гарам, гарцтай газраар зорчихыг анхааруулж байна.

Өчигдөр гарсан усны ослууд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар хошуу”-ны орчим “Туул” голд 3 хүн машинтайгаа живж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 27-ны 22:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 22:57 цагт очиход иргэн П-ийн “Приус 20” загварын суудлын автомашинтай иргэн Б, Н нар “Туул” голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 27-ны 18:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 18:20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт иргэн Ө “Туул” голыг морьтой гатлах үедээ осолдсон тул осолдсон газраас 3 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар өчигдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 27 км замыг туулан 18:30 цагт очиход  Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т“Хэрлэн” голд осолдсоныг “Баянцагаан-Уул” гэдэг газраас “Хошуу бургас” гэдэг газар хүртэл 8 км-т голын сав дагуу явганаар болон автомашинтай самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23:30 цагт түр зогсоосон. Зургаадугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид зургаадугаар сарын 27-ны өдрийн 20:20 цагт хөдөлгөөн үйлдэж, зургаадугаар сарын 28-ны өдрийн 04:45 цагт очиж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч”, “Чингисийн өвөлжөө” гэдэг газар Иргэн М нь охин А-гийн хамт мориор “Туул” голыг гаталж байхад морь нь живсэн бөгөөд голын арал дээр байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 13:05 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, А-г тус дүүргийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагаан даваа”-ны орчим “Туул” голыг 2 иргэн гаталж чадахгүй байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 27-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 14:12 цагт очиход иргэн М, С нар “Туул” голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, аюулгүй бүсэд гаргасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.