Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өлзийбаяр: Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг эрт төлөвлөж хэрэгжүүлэх нь уурхайг хаах үеийн эрсдэл болон зардлыг бууруулдаг

ikon.mn
2021 оны 6 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, байгаль орчны мэргэжилтэн Д.Өлзийбаяртай уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа. Тэрбээр 2002 онд МУИС-ийг ой судлаач мэргэжлээр төгссөн. 2002-2009 онд БОАЖЯ-ны харьяа Ой, усны хайгуул, судалгааны төвд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Ойн сангийн мэдээллийн инженерээр тус тус ажиллаж, 2009 оноос өнөөг хүртэл уул уурхайн төслүүдэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна. Д.Өлзийбаяр сүүлийн жилүүдэд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгаа, сургалт, төлөвлөлт хийх ажлуудад идэвхтэй оролцож явна.


-Ихэнх хүмүүс уурхайг ашиглаж дууссаны дараа нөхөн сэргээлтийг хийдэг гэж ойлгодог. Тэгвэл, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг хэзээ төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй вэ?

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн талаарх олон нийтийн ойлголт сайнгүй, тэр ч байтугай уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдийн өөрсдийнх нь ойлголт ч хоорондоо зөрүүтэй байгаа. Уурхайн хаалтын талаар ярихаасаа өмнө нэг зүйлийг тодруулж хэлэхэд, хүн төрөлхтний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг гар утас, машин, барилга байшин, онгоц, эрчим хүч гээд бүхий л зүйлсийг хийхийн тулд газрын хэвлий доорх ашигт малтмалыг хайж илрүүлэн, олборлон боловсруулж гарган авдаг.

Тодорхой нэг газар нутагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авч олборлох буюу уурхайн үйл ажиллагаа явуулах нь тухайн газрыг түр зээлж авч буй хэрэг юм. Энэ утгаараа уул уурхайн төслүүдийг эхлүүлэхэд нутгийн иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг. Иймд ашигт малтмалыг олборлож эхлэхийн өмнө ирээдүйд бий болох үр дагаварыг нь тодорхойлж, бохирдуулагч нь цэвэрлэх үүрэгтэйг ухамсарлаж, хойч үеийг хохироохгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангахад анхаарч, ашиглаж дуусаад нөхөн сэргээхээ төлөвлөх нь маш чухал юм. Уурхайг эхлэхийн өмнө уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг төлөвлөх нь зүйтэй бөгөөд уурхай ажиллах хугацаанд үржил шимт хөрсийг хуулж хадгалах, ашиглахгүй болсон эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх, нутгийн ургамлын үр тарьж турших, ургуулах, үрийн сан үүсгэх гэх мэт ажлуудыг тасралтгүй гүйцэтгэснээр уурхайг хаах үеийн эрсдэл, ажлын болон зардлын хэмжээг бууруулдаг.

-Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлууд, тэдгээрийн үе шатуудын талаар илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?

Аливаа ашигт малтмалын ордын нөөцийг олборлох, боловсруулах үйл ажиллагаа цаашид үргэлжлэхгүй болсон үед тухайн газар нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал алдагдахгүй байхаар төлөвлөж гүйцэтгэх арга хэмжээг уурхайн хаалт гэж тодорхойлдог.

Манайд уурхайн техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлт гэж ялгасан ерөнхий ойлголт байдаг бөгөөд олон улсад энэ нэр томьёогоор хэрэглэгддэггүй. Уурхайн хаалт, нөхөн сэргээлт нь

  • Явцын нөхөн сэргээлт хийх
  • Талбай дахь бүх төрлийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг татан буулгах
  • Бохирдсон ус, хөрс, талбайг цэвэрлэх
  • Уурхайн болон үйлдвэрийн нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, аюулгүй болгох
  • Хаалтын үеийн нөхөн сэргээлт хийх
  • Нөхөн сэргээлт, хаалтын дараах арчилгааг хийх
  • Хаалтын дараах байгаль орчны мониторинг хийх
  • Тухайн газрыг өөр зориулалтаар эргүүлэн ашиглах боломжтой болгох

гэсэн тодорхой үе шатуудтай.

 
Зургийн эх сурвалж (Integrated mine closure framework ICMM)

Сүүлийн үед олон улсад Integrated Mine Closure Planning буюу энгийнээр тайлбарлавал уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг тухайн уурхайн ТЭЗҮ, урт, богино хугацааны уулын ажлын төлөвлөлтүүд, байгаль орчны менежментийн төлөвлөлтүүдтэй нягт уялдаатайгаар хэрэгжүүлдэг болж байна. Энэ нь тухайн уурхайг хаах үеийн эрсдэл, зардлыг, мөн хаалтын дараа олон жилээр хийгддэг арчилгаа, тордолгооны зардлыг ч бууруулдаг.

-Уурхайн хаалтыг төлөвлөх, гүйцэтгэхэд анхаарах асуудлууд, баримтлах дүрэм, журам, зарчмуудын талаар...?

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөлт нь тухайн уурхайн төлөвлөлттэй нягт уялдаатай байх, хэрэгжилт нь уурхайн амьдралын мөчлөгийн бүхий л үе шатанд тасралтгүй явах нь зүйтэй байдаг.

Төлөвлөж, хэрэгжүүлэхэд баримталдаг тодорхой зарчмууд нь

  • Физик болон геотехникийн тогтворжилтыг хангах
  • Химийн болон геохимийн тогтворжилтыг хангах
  • Биологийн олон янз байдлын тогтвортой байдлыг хангах
  • Хаалтын дараах газар ашиглалтын зориулалтад чиглэсэн байх
  • Урт хугацааны арчилгаа, хийхээс зайлсхийсэн байх
  • Оролцогч талуудын оролцоог хангах

зэрэг юм. Эдгээр зарчмыг баримтлан хэрэгжүүлснээр хожим гарах уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлын үр дүн буюу шалгуур үзүүлэлтүүдээ хангаж өгдөг.

-Монгол Улсад одоогоор уурхайн хаалт хийгдсэн томоохон уурхай байхгүй. Тиймээс, уурхайн хаалтыг амжилттай хийсэн гадны туршлагуудаас танилцуулна уу?

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн сайн туршлагууд гэвэл миний судалж мэдсэнээр Канад, Авсрали улсад олон байдаг. Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн шилдэг туршлагуудыг нэгтгэсэн жишээ, заавар, зөвлөмжүүдийг тогтмол гаргадаг Лондонд төвтэй International Council on Mining and Metals (ICMM) Олон улсын уул уурхай, металын зөвлөл гэдэг байгууллагын цахим хуудаснаас мэдээллүүд авч болно. Тэр улсын, энэ улсын гэхээсээ илүү нийтлэг байгаа, олон улсад, ялангуяа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа сайн туршлага бол уурхайг эхлэхийн өмнө уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг төлөвлөж, төгсгөлд нь ямар дүр төрхтэй газар тэнд үлдээх вэ гэдгээ оновчтой тодорхойлоод тухайн орон нутгийн иргэд, олон нийтэд танилцуулж, түүнийгээ хэрэгжүүлж ажилладаг л жишиг тогтож байна.

Уурхайг эхлэхийн өмнө уурхайн хаалтын төлөвлөлт хийснээр уурхайг хаах, нөхөн сэргээх зардлын тооцоо урьдчилсан байдлаар гардаг. Энэхүү зардлын хэмжээнд тулгуурлан тухайн уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн баталгаагаа гаргаж чадсанаар сая уурхайг эхлэх зөвшөөрлөө авдаг жишиг тогтож байна.

Уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулдаг, зээл өгдөг хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд ч мөн дээрх шаардлагуудыг тавьж байна. Манайд одоогоор олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, хувьцаа гаргасан хэд хэдэн компани уурхайн хаалтын төлөвлөлт, төсөөллөө гаргаад, нөхөн сэргээлтийн ажлуудаа уурхайн урт, богино хугацааны төлөвлөлтүүдтэйгээ уялдуулан хэрэгжүүлээд ажиллаж байна. Зарим нь бүр улирал тутам, жил тутам яг одоогийн байдлаар бий болсон сөрөг нөлөөллийг арилгах, нөхөн сэргээх, хаахад зарцуулах зардлын тооцоогоо гаргаж санхүүгийн тайландаа өр төлбөр байдлаар бүртгүүлээд явж байдаг ч жишээ байна.

-Танд баярлалаа. Миний асуулгүй орхисон, уншигчдад зайлшгүй хүргэх хэрэгтэй гэж бодож буй зүйл байвал нэмж хэлнэ үү?

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрөл (Social License to Operate) авах гэсэн ойлголт шинээр гарч ирээд байна. Уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагчдын зүгээс жил бүр уул уурхайн бизнест бий болж байгаа эрсдэлүүдийг судалж тогтоодог. Тэгэхэд, үйл ажиллагаа явуулах нийгмийн зөвшөөрөл авч чадахгүй байх эрсдэл сүүлийн гурван жил дараалан нэгдүгээрт бичигдсэн. Нийгмийн лиценз гэдэг нь гарын үсэг цуглуулсан цаас биш, уул уурхайн компани болон орон нутгийн иргэд, олон нийтийн хоорондын харилцан итгэлцэл юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай ажиллаж байгаа нь олон нийтэд ил тод харагдаж тэдэнд итгэл үнэмшил бий болгохыг л хэлээд байгаа. Тэгэхээр уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компаниуд тухайн уурхайнхаа хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг эрт төлөвлөж, харилцан уялдаатайгаар амжилттай хэрэгжүүлэх нь энэ итгэлцлийг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулах боломжтой.

Эцэст нь нэг мэдээлэл өгөхөд уурхайн хаалтын олон улсын 14 дэх удаагийн мэргэжлийн чуулган https://mineclosure2021.com/ ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ чиглэлээр ажилладаг судлаачид, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид оролцож олон улсын жинхэнэ шилдэг туршлагуудтай танилцах боломжтой байгаа.

 

Ярилцсан сэтгүүлч: Ж.Баярхүү

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.