Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн зарим мужид Covid-19-тэй зэрэгцэн үхлийн аюултай өөр өвчин дэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Хар мөөгөнцөр” (black fungus) хэмээх үхлийн аюултай өвчин коронавирусийн цар тахалтай зэрэгцэн Энэтхэгийн зарим мужуудад дэгдээд байгаа юм.

Энэтхэг улсын эрүүл мэндийн яам уг өвчин дэгдсэн мужуудад онц байдал зарлах шаардлагатайг өчигдөр анхааруулжээ.

“Mucormycosis” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг уг өвчин маш ховор тохиолддог ч өвчилсөн хүмүүсийнхээ 50 хувийг үхүүлдэг аюултай. Нэгэнт өвдсөн хүн нэг нүдээ, эсвэл эрүүний ясаа авхуулж байж амьд үлддэг гэнэ. Ингээгүй тохиолдолд тархинд нь халдварлаж үхүүлдэг байна.

Сүүлийн саруудад Covid-19 өвчин аваад эдгэрсэн олон мянган хүнд “хар мөөгөнцөр” илрэх болжээ.

Зарим эмч нар Covid-19-ийг эмчилж буй эмнээс (стероид) үүдэлтэй “хар мөөгөнцөр” дэгдсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрснээс нь хойш 12-15 хоногийн дараа уг өвчний шинж илэрч байгааг Энэтхэгийн мэргэжилтнүүд хэвлэлд ярьжээ. Чихрийн шижинтэй хүмүүс илүү өндөр эрсдэлтэй байгааг мөн мэдээлсэн байна.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Энэтхэгийн эрүүл мэндийн сайд Лав Агарвал тус улсын 29 мужийн захирагчид бичсэн захидалдаа хар мөөгөнцрийн өвчлөл тахлын хэмжээнд хүрсэн тул “онц байдал” зарлах шаардлагатайг мэдэгджээ.

Энэтхэг даяар хар мөөгөнцрийн халдварын хэдэн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл алга байна.

Өнгөрсөн долоо хоногт Махараштра мужид 1,500 орчим тохиолдол бүртгэгдсэн тухай тус мужийн эрүүлийг хамгаалах байгууллагын төлөөлөгч мэдээлжээ. Махараштра нь коронавирусийн халдварын хоёр дахь давалгаанд хамгийн их хохирол амсаад байгаа муж юм.

Хар мөөгөнцрийг эмчилдэг Amphotericin B хэмээх эмийг Энэтхэгийн олон компани үйлдвэрлэдэг ч хомсдолд орж, өвчтөнүүдийн ар гэрийнхэн хар захаас өндөр үнээр авах болжээ.

 

Эх сурвалж: BBC