Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Археологичид Африк тивийн хамгийн эртний булшийг илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Археологичид Африк тивийн хамгийн эртний булшийг илрүүлснээ зарлажээ. Уг олдвор нь бараг 80,000 жилийн өмнө оршуулсан гурван настай хүүхдийн булш юм байна.

Свахили хэлээр Мтото (хүүхэд) гэж археологичдын нэрлэсэн энэ хүүхдийг дэр дэрлүүлж, хөлийг нь нугалан цээжинд нь шахаж, баруун талаар нь хэвтүүлж оршуулсан байжээ.

Булшийг дорнод Африкийн Кени улсын газар нутагт, далайн эргээс 16 км зайтай өндөрлөгөөс олсон байна.

“Энэ бол маш онцгой олдвор. Африк тивээс олдсон хамгийн эртний хүний булш. Тэр үеийн хүмүүсийн итгэл үнэмшил, зан үйл өнөөдрийн биднийхтэй тун төстэй байсныг харуулж байна” гэж Германы Макс Планкийн хүрээлэнгийн хүний хувьслын түүх судлаач, профессор Михел Петралиа ярьжээ.

 

Археологичид булшны захад 2013 онд анх хүрч, эхний ясыг малтаж гаргасан байна. Гэвч яснууд маш хэврэг болсон байсан тул удаан хугацаанд маш болгоомжтой ажиллаж, үлдсэн хэсгийг малтаж гаргажээ.

Олдворыг одоо Кенийн нийслэл Найроби хотын Үндэсний Музейд хадгалж байна.

Испанийн лабораторид хийсэн шинжилгээгээр хүүхдийг 78,000 орчим жилийн өмнө оршуулсан гэж дүгнэжээ. Археологичид үүнээс эртний булшийг Африк тивийн гадна илрүүлсэн байдаг. Тухайлбал Израйлийн Кармел уулын агуйгаас, Назарет хотын ойролцоох агуйгаас олдсон хүмүүсийн булш нь 90,000-130,000 жилийн настайд тооцогддог юм байна.

Хэдийгээр Африк тив нь хүн төрөлхтний өлгий гэгддэг ч эртний булш маш ховор олддог ажээ.

 

Эх сурвалж: The Guardian