Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатараас Дархан руу нэг хүнийг 200 мянган төгрөгөөр тээвэрлэж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 23:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй билээ. 

Гэвч иргэд зөвшөөрөгдөөгүй шороон замаар буюу хулгайн замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил гаргаж байгаа аж.

Тодруулбал, манай редакцад өнөөдөр нэгэн иргэнээс "Хатуу хөл хорионы үеэр хулгайн замаар хүн тээвэрлэж байгаа асуудал гарч байна. Жишээ нь Улаанбаатар хотоос Дархан руу хүн авч явна гэж фэйсбүүкт тавигдсан зарын дагуу асууж үзэхэд, нэг хүн 200 мянган төгрөг бөгөөд найдвартай хүргэж өгнө гэлээ" хэмээх гомдол, нотлох баримтын хамт ирүүлэв.

Хулгайн замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасны дагуу 500,000 мянгаар торгох эвсэл 7-30 хоног баривчлах заалттай. 
Мөн иргэдийг зохион байгуулалттайгаар, олноор нь тээвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдгийг Тээврийн цагдаагийн албанаас өмнө мэдээлж байсан юм.

Эргэн сануулахад, хатуу хөл хорионы үед Улаанбаатар хотоос орон нутагт зорчих зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариу /72 цаг/-г үндэслэн товчоодоор нэвтрүүлж байгаа. Иймд орон нутаг руу дээрх шалтгаанаар зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар улсын хэмжээнд 1,220 тохиолдол батлагдаад буй.

Мөн аймгуудад батлагдсан тохиолдлууд Улаанбаатараас гарах хөдөлгөөнтэй холбоотой байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин, эрүүл, аюулгүй байдлаа хангаж, зөвшөөрөлгүйгээр нийслэл хотоос гарах хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.