Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Яагаад уул уурхайн баялаг гэж...

ikon.mn
2021 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайн салбарын тухай яриа бидний дунд өрнөхдөө “хаая, эсэргүүцье” гэсэн сөрөг сэтгэгдэл дээр төвлөрдөг. Шийдвэр гаргах түвшний дугуй ширээний ард ч, хууч хөөрч суух сүүтэй цайны хачирт ч хамгийн халуун сэдэв. Тэгвэл уул уурхай үнэхээр байхгүй бол ямар байх вэ?

Төсөөлөөд үзье. Нэг өглөө сэрэхэд, газар дээрх эрдэс баялгууд үгүй болж, эрдэс баялгийг хүн төрөлхтөн уурхайлан олборлоогүй байсан бол аж үйлдвэржсэн, технологижсон соёлт нийгэм үндсэндээ байхгүйтэй адил. Гар утас, сүлжээ, интернэт, машин, орон сууцаас эхлээд бидний амьдралын салшгүй хэсэг болсон олон бүтээгдэхүүнийг бид мартах учиртай болно. Эрт цагт бид үүнгүй амьдарч болоод л байсан гэж болох ч эмнэлэг, эмнэлгийн хэрэгслүүд, биднийг оношлох нарийн мэргэжлийн технологиуд ч бас үгүй болно. Хүн төрөлхтний амьдралыг илүү баялаг сонирхолтой болгоход эрдэс баялаг, үнэт металуудын гүйцэтгэсэн үүрэг их.

Харин манай улсын хувьд яг өнөөдрийн байдлаар эрдэс баялаг уул уурхай бол хамгийн чухал салбар. Бидний гар дээр өдөр бүр эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбараас хамаарч байгаа бол Монгол Улсаас олон улсад гаргаж зардаг 10 барааны 9 нь байгалийн баялаг байдаг. Тоо баримтаар нь авч үзвэл, уул уурхайн салбар манай дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, улсын төсвийн орлогын мөн л 25 хувийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр яг өнөөдрийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр уул уурхайг байхгүй болгоно гэдэг хийсвэр төөрөгдөл гэсэн үг. Яагаад гэвэл, танай хүүхдийн сургууль, цэцэрлэг, тэр аймгийн зам харгуй, энэ сумын эмнэлгийн барилга, ахмадуудын тэтгэвэр, эмч, цагдаа, багшийн цалин, хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж гэхчлэн улсын төсвөөс хийгддэг бүх санхүүгийн орлого, ажлуудын дөрөвний нэг нь энэ салбараас хамаарч байгаа юм. Цаашлаад 57 мянга орчим уурхайчдын цалин урамшуулал, уул уурхайн салбарын туслан гүйцэтгэгчдийн шууд болон шууд бус нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн 60 хувь нь уул уурхайн салбараас хамаарч байдаг.

Монголчууд “Covid-19” цар тахлын хямралтай хүнд үеийг даван туулахад зориулж төрөөс цахилгаан, дулаан, хэрэглээний усны төлбөрийг хариуцахаар болсон. Энэ ажилд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 650 тэрбум төгрөг гаргаж байна. Хатуу хөл хорионы хугацаанд амьжиргааг дэмжих зорилгоор хүн бүрт 300 мянган төгрөг тарааж байгаа. Энэ мөнгийг мөн л уул уурхайгаас буюу Оюу Толгой ХХК-аас авсан 1.26 их наяд төгрөгийн татварын орлогоор бүрдүүлжээ. Хүнд хэцүү цаг үед уул уурхай л бидний аминд орж байна. Тиймээс уул уурхайн салбартаа баярлалаа гэж хэлэх нь зөв. 

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар уул уурхайтай сумдад өрхийн хэрэглээ бусад сумын өрхийн хэрэглээнээс 11 хувь илүү, ядуурлын түвшин 8 хувь доогуур байна гэжээ. Яг одоогийн байдлаар ашигт малтмал, эрдэс баялгын салбар бидний амьдралтай салшгүй холбоотой гэдэг нь тод томруун харагдаж байгаа учраас “хаая, эсэргүүцье” гэлгүйгээр бодит байдал, цаашдын хөгжлийг ярих нь зүй. 

Ашигт малтмал, газрын тосны газрын тооцоогоор 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 3, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 1 байна.

Энэ дундаа яг ажиллаж байгаа уурхай бүр ч өчүүхэн бага. 2019 онд төсөвт цугласан аж ахуйн нэгжийн татварын орлогын 40 шахам хувийг уул уурхайн 7 том компани л бүрдүүлж байжээ. Хэрэв уул уурхайн салбар өргөжих юм бол улс орон, эдийн засаг, бидний амьжиргаа улам л дээшлэх нь. 

Газар нутагт эзлэх хэмжээ бага ч ард олны нүдэнд харагдах, амьдралд мэдэгдэх гарз хохирол их байсан нь хариуцлагагүй, хайхрамжгүй компаниуд олон байсныг гэрчилнэ. Компаниудыг хариуцлагажуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах сэдвийн тухай “халуунаар” ярьж эхэлсэн цагаас эрдэс баялаг бидэнд жинхэнэ утгаараа баялаг болно. 

Хариуцлагатай уул уурхайн тухай сүүлийн хоёр, гуравхан жил эрчимтэй ярьж эхэллээ. Шууд өөрсдийгөө хариуцлагатай уурхай гэж нэрлэж, жишиг тогтоож буй компаниуд ч байна.

Тэгвэл хариуцлагатай уул уурхай ямар байдаг вэ?

Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийг гаргадаг, дүгнэдэг, индексжүүлдэг стандарт, байгууллага, сан маш олон бий. Тэдгээрийг багцалбал, хариуцлагатай уул уурхай гэдэг эдийн засгийн хөгжлийг дэмждэг, бизнесийн ёс зүйтэй, уурхайн ашиглалт, бүх үйл явцыг хууль журмын дагуу хийдэг, тухайн орон нутагт өгөөжтэй, нээлттэй, харилцаатай байдаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг, байгаль орчны хариуцлагатай гэсэн шалгуур үзүүлэлтүүд нэрлэгддэг. Хамгийн энгийнээр хэлбэл, хэрэв танай нутагт уул уурхайн компани байдаг бол дараах асуултуудыг асууж үзээрэй. Энэ компани үйл ажиллагаа эхлээд хэдэн жил болж байна, энэ хугацаанд хэдэн хүн ажилтай болов, амьдрал хэрхэн өөрчлөгдөв, манай нутагт юу хийгдэв, мэдээлэл нь хэр олдоцтой байна, холбоо барих цахим хаяг, холбогдох дугаар, очиж уулзах оффисын өрөө байна уу гэхчлэн энгийн зүйлсээс тэр компанийн хариуцлагатай эсэхийг ерөнхийд нь харж болно. Ажлын байрны тухайд тухайн компанийн хүний нөөцийн бодлого, шаардагдах мэргэжилтнээс хамаарч хэнийг ажилд авах вэ гэдэг нь шийдэгдэх учир энэ асуултад нухацтай хандах хэрэгтэйг сануулахад илүүц биз ээ. 

Хариуцлагатай компанийг таних олон улсад хэрэглэгддэг бас нэг арга бол компанийн засаглал байдаг. Тэр компани төрийн өмчит компани уу, олон нийтэд нээлттэй компани уу, жижиг компани, нөхөрлөл үү гэдгээс хамаарах нь бий. Энэ салбарт үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт, зардал маш их шаардлагатай учир хөрөнгийн эх үүсвэр, компанийн гарал үүсэл бас чухал аа гэсэн үг.

Хэрэв гадаад, дотоодын хөрөнгийн биржид хувьцаа босгосон компани бол хариуцлагатай, сайн засаглалтай байх магадлал тун өндөр байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Ялангуяа гаднын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд компанийн бүх үйл ажиллагаа хуулийн дагуу байсан эсэх, байх эсэх гэхчлэн олон шалгуурыг давж, хөрөнгө оруулагчдын байнгын хяналт дор бүх мэдээлэл нээлттэй ил тод, олон улсын стандартын дагуу явах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд ч энэ талын мэдээллүүд олон бий. 

Бас нэг чухал асуудал бол байгаль орчин. Байгаль орчинд ямар нэг үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж байж үйл ажиллагаа явуулах эрх нь үүсдэг. Энэ төлөвлөгөөнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, нөхөн сэргээлт хийх, орчны хяналт шинжилгээг тогтмол хийх, түүндээ тухайн орон нутгийн иргэд, малчдыг оролцуулах, эдгээр ажлынхаа тайланг хуулийн дагуу нээлттэй, хүртээмжтэй байлгахаас эхлээд маш олон үүрэг хүлээсэн байдаг. Энэ мэтчилэн компанийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайтар харж хариуцлагатай эсэхэд хяналт тавих, хариуцлагатайг нь дэмжих нь яг одоогийн бидний үүрэг юм. Бидний үүрэг ч бас хуулийн хүрээнд л биелэгдэх учиртайг сануулах хэрэгтэй болов уу. Тэгж чадвал эрдэс баялагийг ирээдүйн хөгжлийг бүтээх баялаг болгож, эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар шингээж авч үлдэх болно. 

 

Э. Отгонтуяа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.