Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улсад нэг өдөрт илэрсэн Covid-19 халдварын тохиолдол анх удаа 100,000 давлаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 103,558 тохиолдол нэмэгдсэн тухай Энэтхэг улсын эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ.

Энэ нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Есдүгээр сарын сүүлээр нэг өдөрт 97,894 тохиолдол шинээр нэмэгдэж байсан нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Сүүлийн нэг өдөрт 478 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барж, нийт эндэгдлийн тоо 165,101 болсон байна.

Энэтхэг улсад нэг өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын долоон өдрийн дундаж 73,000 хүрсэн нь дэлхийн аль ч улсынхаас өндөр өсөлт юм.

Сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн нийт шинэ тохиолдлуудын 55 хувь нь Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хот оршдог Махараштра мужид бүртгэгджээ.

Тус мужид хатуу хөл хорионы дэглэм тогтоож, үзвэр үйлчилгээний газар, худалдааны төвүүдийг хааж эхэлсэн байна.

Энэтхэг улсад хэдэн сарын турш коронавирусийн халдварын тархалт буурч байсан ч хоёрдугаар сарын сүүлээр буцаад нэмэгдэж эхэлжээ. Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй эрх баригчид орон нутгийн сонгуулийг угтсан цуглаан, арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулж, хорио цээрийн дэглэмийг алдагдуулсан нь халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Саяхан Модигийн засгийн газар умард Уттараханд мужид Ганга мөрний сав дагуу хинду шашны томоохон баяр зохион байгуулахыг зөвшөөрсөн юм. Сар орчим хугацаанд үргэлжилдэг уг баярт олон арван мянган мөргөлчид оролцдог.

Энэтхэг улс сүүлийн өдрүүдэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа идэвхжүүлж, өдөрт 3 сая гаруй хүнийг хамруулж байгаа. Одоогийн байдлаар 76 сая гаруй хүн эхний тунгаа, 9.5 сая хүн хоёр дахь тунгаа тариулжээ.

Гэхдээ энэ хурд нь 1.4 тэрбум хүн амтай тус улсын хувьд хангалтгүй тоо юм.

Эрүүл мэндийн яамны албан тушаалтнууд наймдугаар сард багтааж 300 сая хүнийг дархлаажуулах зорилт тавьсан байна. Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад 12.6 сая хүн коронавирусийн халдвар авсан нь дэлхийд АНУ, Бразилын дараа орох өндөр үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Associated Press