Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгост нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломатчид, олон улсын байгууллагын ажилтнууд дүрвэж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын нийслэл Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнууд тус улсад хүнсний бараа, эм тарианы ноцтой хомсдол үүсч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломат байгууллагын ажилтнууд дүрвэх арга хамтдаа хайж эхэлсэн талаар мэдээлжээ.

Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яам нь тус улс дахь хамгийн том бүрэлдэхүүнтэй гадаадын дипломат байгууллагуудын нэгэнд тооцогддог.

Умард Солонгосын нийслэлд гадаад орнуудын элчин сайдын яамд, олон улсын байгууллагын нийт 290 ажилтан байгаа гэнэ. Өнгөрсөн оны сүүлээр тусламжийн байгууллагын ажилтнууд Умард Солонгосоос бөөндөө явж, ердөө гуравхан хүн үлдээд байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт эдгээр хүмүүс бүгд явснаар тус улсад ганц ч ажилтан нь үлдээгүйг НҮБ мэдээлсэн байна.

Хоёрдугаар сард ОХУ-ын элчин сайдын яамны хэсэг ажилтнууд гэр бүлийн хамт төмөр зам дээр тавьсан түрдэг тэргээр хил давж, эх орондоо ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Цар тахлын улмаас Умард Солонгосын дэглэм өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн хилээ хаагаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын хилийн харуулын зургаан цэрэг өлсгөлөнгийн улмаас Хятадын талд дүрвэж ирсэн байна.

Хилээ хааснаас хойш Умард Солонгосын Хятадтай хийдэг худалдааны хэмжээ 80 хувиар буурсан нь өргөн хэрэглээний бараа, хүнсний хомсдолд орох нөхцөл болсон гэж судлаачид үзэж байгаа.

Саяхан тус улс Covax хөтөлбөрийн хүрээнд 1.7 сая тун AstraZeneca вакцин хүлээж авсан байна. Гэхдээ Умард Солонгос коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өгсөөр байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian