Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ дахь COVID-19-ийн вакцинжуулалтын эргэн тойронд

ikon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: news.cgtn.com

Монголд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор вакцины эсрэг дуугарч байгаа хүмүүс цөөнгүй байна.

Үүнийг iKon.mn сайтаас явуулсан судалгаа ч тодорхой харуулжээ.

“Та вакцинжуулалтад хамрагдах уу” гэсэн асуултад “хамрагдахгүй(21.1%)” гэж хариулсан хүний тоо “ямар ч тохиолдолд хамрагдана(19.5%)” гэж хариулсан хүний тооноос давсан байгааг олж харж болно.

“Сэрэлт” кино гараад хагас зууны нүүр үзэж байхад сэрээгүй хүмүүс байсаар л... Мөн “вакцин хийлгэх эсэх нь миний эрх” гэсэн хүмүүс олон нийтийн сүлжээгээр цөөнгүй харагдах. Мэдээж Та хүсвэл вакцин хийлгэхгүй байж болно. Манай улсын Дархлаажуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэн вакцин хийлгэхээс татгалзах эрхтэй, түүнийгээ бичгээр баталгаажуулах үүрэгтэй. Гэхдээ нийгмийн харилцаанд орж байгаа хотын иргэн Та вакцин хийлгэхгүй байснаар вирус тээгч, вирус дамжуулагч болж өөр хүнд халдвар тарааж, эрсдэлд оруулж болзошгүй юм.

Дэлхийн улс орнуудаас цөөнгүй нь КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтаа эхлүүлчихсэн, удахгүй эхлүүлэх орнууд ч цөөнгүй байгаа. Тиймээс коронавирусийн эсрэг вакцины талаарх бусад улс орны туршлага, алдаа оноог судлах үүднээс БНСУ дахь вакцижуулалтын эргэн тойрон дахь асуудлуудыг судлан хүргэж байна.

Учир нь БНСУ нь шинээр халдвар гарч байгаа тоогоороо OECD орнууд дундаас сүүлээсээ хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн өндөр буюу энэ жил ОУВС-ийн мэдээлснээр эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 10-т бичигдэж чадсан орон. БНСУ нь цар тахлын энэ үед хилээ хаагаагүй ч эдийн засгаа эрсдэлд оруулалгүй авч үлдсэн цөөхөн орнуудын нэг юм.

Солонгос улс өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс КОВИД-ын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар вакцины I тунгаа хийлгэсэн 820 мянган хүн, II тунгаа хийлгэж дууссан 6,000 байна. Үүний 760 мянга нь AstraZeneca вакциныг, 66 мянга нь Pfizer вакциныг тус тус тариулсан байна. Вакцин хийлгэсний дараа биед нь сөрөг өөрчлөлт гарсан тухайгаа мэдэгдсэн тохиолдол 10,485 бүртгэгджээ. Үүнийг хувиар тооцвол 1.27% юм.

Вакцин хийлгэсэн хүмүүс дундаас нас барсан тохиолдол 22 гарсан бөгөөд вакцинаас болсон эсэхийг шалгаж байгаа юм байна. Хэрэв вакцинаас шалтгаалан нас баралт гарсан тохиолдолд улсаас нь 400 сая хүртэлх воны тэтгэмж олгох тухай шийдвэр гаргасан.   

Вакцинжуулах дараалал:

  1. КОВИД-19 тусвал хүндрэх, нас барах өндөр магадлалтай бүлэг: Үүнд өндөр настнууд олноороо байрладаг өндөр настны эмнэлэг, асрамжийн газарт буй өндөр настнууд, тэнд ажиллагчид, 65-аас дээш насны, хүнд, суурь өвчтэй хүмүүс гэх мэт.
  2. Цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай бүлэг: Эмч, эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн байгууллагын ажилчид, эмийн санч, цэрэг, цагдаа, онцгой байдлын ажилчид гэх мэт.
  3. Олон хүнтэй орчинд ажиллаж амьдардаг бүлэг: Сургууль, цэцэрлэгийн багш, бүх шатны боловсролын байгууллагын ажилчид, хүүхдийн асрамжийн газрын ажилчид гэх мэт.
  4. Бусад: 19-49 насны энгийн иргэд.

※Вакцинжуулалтад хамрагдахгүй бүлэг: Бага насны хүүхэд(0-18нас), жирэмсэн эх.       

БНСУ иргэддээ ямар вакцин тарьж байна вэ?

БНСУ нь иргэддээ КОВИД-ын эсрэг 4 төрлийн вакцин тарихаар төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд AstraZeneca, Pfizer вакциныг тариад явж байна. Тус улс AstraZeneca вакциныг өөрийн орондоо үйлдвэрлэж байгаа билээ. Удахгүй Moderna болон Janssen вакциныг оруулж ирэхээр захиалгаа өгсөн байгаа талаар мэдээллэж байна. 

Вакцин хийлгэсний дараа

Вакцин хийлгэсний дараа 30 минут тухайн вакцин хийлгэсэн газартаа биеэ хянах хэрэгтэй бөгөөд 30 минутын дотор шок гэх мэт ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэртээ хариад 3 өдөр биеэ хянах хэрэгтэйг зөвлөж байна. Гурван өдрийн дотор халуурах гэх мэт шинж тэмдэг илрэх бөгөөд энэ нь хүн бүрд өөр өөрөөр илэрч болох талаар мөн зөвлөж буй.

БНСУ нь энэ оны арваннэгдүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоон иргэдээ энгийн амьдралд нь оруулна гэж төлөвлөн ажиллаж байна.  

 

Г.Ганчимэг - Боловсролын ухааны доктор (Ph. D)