-COVID-19-ийн үед БНСУ-ын боловсролын салбартаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар-
Шинэ он гарахтай зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахал болох COVID-19 өвчин олон орны дийлэнх салбарыг зогсонги байдалд оруулсан.
2020 он талаасаа өнгөрч буй энэ үед дэлхийн улс орнууд эхнээсээ коронатай зэрэгцэн зохицон амьдрах дараагийн алхмаа хийж, арга хэмжээнүүдээ авч эхэлж байна.
Амьдрал үргэлжилж, цаг хугацаа явдгаараа явж, дэлхийн улс орнууд дараагийн шатны арга хэмжээгээ аваад эхэлчихсэн байхад бид коронаг алга болохыг, эсвэл коронагийн эсрэг вакцин, эмчилгээ гарахыг хүлээн цаг хугацааг алдаж болохгүй. Тэднээс бид хоцорч болохгүй. Монголчууд бидний хувьд бусад улс орны салбар салбартаа авч байгаа арга хэмжээнүүдийн талаар судлан, авч ашиглаж, хэрэгжүүлж болох арга шийдлүүдээс суралцах шаардлага тулгарч байна.
Энэхүү нийтлэлээрээ коронагийн үед Солонгосын боловсролын салбартаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг судалснаа цэгцлэн хүргэе.
Солонгос улсад хичээлийн шинэ жил гуравдугаар сард эхэлдэг ба БНСУ-ын боловсролын яам нь анхнаасаа “Нэг өдөр ч байсан хамаагүй танхимын хичээл заавал оруулна” гэсэн байр суурьтай байсан. Тиймдээ ч танхимын хичээлүүдээ оруулаад эхлүүлчихсэн, амжилттай зохион байгуулаад явж байна.
2020.05.20-ны өдөр дунд болон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдаа эхний ээлжинд танхимын хичээлд нь оруулсан бөгөөд тавдугаар сарын 27-н, зургаадугаар сарын 3-нд долоо, долоо хоногийн шатлалтайгаар бусад ангийн сурагчдаа танхимын хичээлд нь оруулчихлаа. Хичээлийн шинэ улирлын эхэнд хойшлогдсон хэдэн долоо хоногийн хичээлээ нөхөж оруулаад, энэ жил зуны амралт бараг байхгүйгээр хичээл оруулахаар төлөвлөөд явуулж байна.
Мэдээж танхимд олон хүүхэд цуглуулан хичээл оруулах нь эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Гэсэн хэдий ч сурагчдын төгсөлтийн шалгалт, ирээдүйн их сургуулийн сонголт гэх мэт амьдралын чухал сонголт, шийдвэр гаргах цаг үе дээрээ байгаа олон мянган сурагчдыг нийтээр нь хичээллүүлэхгүй байх нь тийм ч зөв шийдвэр биш гэж үзжээ.
Сургууль дээр коронавирусийн халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний тухай нарийн дүрэм журам, заавар зөвлөгөө гаргасан бөгөөд халдвар гарсан тохиолдолд зөвхөн тухайн сургуулийг түр хаах, шинжилгээнд бүрэн хамруулах, ариутгах гэх мэт арга хэмжээ авахаар шийдээд хичээлээ эхлүүлээд явж байна. Мөн сургуулийн ойролцоох PC тоглоомын газар зэрэг битүү орчинд хүүхэд олноор цугларч болох газруудыг тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоогоод байна.
Манайх ч мөн адил суруулиудаа эрсдлийн зэргээр нь ангилаад танхимын хичээл оруулж болохоор харагдаж байна.
Жишээ нь хот, аймгийн төв, хөдөө сумд гэх мэтээр эрсдлийн зэрэг тогтоон өндөр эрсдэлтэй, дунд зэргийн эрсдэлтэй, бага эрсдэлтэй гэж ангилаад хөдөө алслагдсан сум болох хүн ам сийрэг, эрсдэл багатай газруудын танхимын хичээлийг оруулж болохоор харагдаж байгаа юм. Хөдөө сумд нь цахим болон тв хичээлийн орчин нөхцөл боломж хангалттай биш учир хичээлийн хоцрогдол улам ихсэх аюултай. Тиймээс танхимын хичээлийг заавал оруулах нь зүйтэй.
Түүнчлэн одоо Монголд хэрэгжүүлж байгаа тв хичээлийн хүүхдэд хангалттай хүрч байгаа эсэх, сургалтын чанарт нөлөөлж байгаа эсэх талаар маш нарийн хяналт шалгалт хийх шаардлага бас байна.
Төгсөх ангийн сурагчдын хувьд ангид нэг дор олон хүүхэд цуглуулахгүйн тулд нэг ангийг 2-3 бүлэг болгож 2-3 ээлжээр танхимаар хичээл оруулах боломж бас бий.
Дан тв хичээлээр сургалтыг явуулах нь учир дутагдалтай.
Бага ангийн хүүхдүүд бие даан суралцахад хүндрэлтэй. Багшийн ажил хөнгөрч байгаа ч эцэг эхчүүдэд илүү ачаалал ирж, сурлагын чанар муудах талтай.
Харилцан ярилцах гэх мэт амьд харилцаа үүсэх боломжгүй ба ойлгоогүй зүйлээ тодруулж асуух боломж хязгаарлагдмал. Энэ нь сургалтын чанарт муугаар нөлөөлнө.
Тв хичээл нь коронагийн халдвар авах эрсдэлийг бууруулах давуу талтай ч урт хугацаанд үргэлжлэх нь хүүхдүүдийн сургуульд явах сонирхолыг бууруулах магадлалтай.
Коронагийн халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим бүс нутгийн сургуулиуд нь цахим болон танхимын хичээлийг хослуулан явуулж байна. Жишээ нь, ангийг хоёр бүлэг болгоод нэг өдөр нь танхимын хичээлд, нөгөө өдөр нь цахим хичээлд ээлжлэн оруулж байна.
Ингэснээр сурагчид сургууль дээр олноор цугларахыг сааруулж чадаж байгаа юм. Нэг өдөр танхимын хичээлд сууснаараа цахим хичээл дээр ойлгоогүй зүйлээ багшаас асуух боломж нь нээгдэж байгаа ба сургалтын чанарыг хэвээр хадгалахад ач холбогдолтой юм.
2020.06.05-ны өдрийн Солонгосын боловсролын яамнаас гаргасан мэдээгээр их, дээд сургуулийн цахим сургалтыг хөгжүүлэх, эрчимжүүлэх тухай захирамж гаргажээ. Үүнд шилдэг их, дээд сургуулийн, шилдэг лекцийг цахим болгосноор хэн ч, хэзээ ч, хаанаас ч үнэ төлбөргүй суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа юм байна.
K-MOOC(Korea Massive Open Online Course) хэмээх энэхүү төсөл нь 2015 оноос хойш хэрэгжиж ирсэн бөгөөд коронавирусээс болж танхимын хичээл орох боломжгүй болсон энэ онд эрэлт хэрэгцээ нь 2 дахин нэмэгджээ. Тиймээс Боловсролын яамнаас бодлогоор дэмжин цахим лекцийн төрлийг нь олшруулж, чанарыг нь сайжруулах арга хэмжээ авч байгаа юм байна.
Дээр дурдсанчлан Солонгос улс сургалтын чанараа хадгалахын тулд танхимын хичээлийг чухалчлан, олон удаагийн зохицуулалт, арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл бид COVID-19-өөс айгаад хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй байсаар л байх уу?
Г. Ганчимэг - Боловсролын ухааны доктор (Ph. D)
Б. Ариунаа - Боловсролын удирдлагын магистр(МEA)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!