Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын хотуудад хөл хорионы цаг тогтоож, таваас дээш хүн цугларахыг хориглов

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Мьянмарт тогтсон цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан өчигдөр гурав дахь өдрөө үргэлжлэв.

Эсэргүүцлийн жагсаал Хималайн уулын бүс дэх Путао хотоос эхлээд Андаманы тэнгисийн эргийн хотуудад хүртэл өрнөсөн байна. Ихэнх хотуудад тайван жагсаал болж өнгөрсөн бол нийслэл Нэйпьидо хотод жагсагчдыг тараахын тулд хэсэгхэн хугацаанд усан буу ашиглажээ.

Даваа гарагийн оройноос эхлэн Мьянмарын том хотуудад хөл хорионы цаг тогтоож, таваас дээш хүн цугларахыг хориглосон байна. Тухайлбал Янгон, Мандалай хотуудын зарим хэсэгт иргэд оройн 8:00 цагаас өглөөний 4:00 цаг хүртэл гэрээсээ гарах эрхгүй болжээ.

Даваа гарагийн орой Мьянмарын армийн генерал Мин Аун Хлайн анх удаа телевизээр үг хэлэхдээ цэргийн дэглэм нэг жилийн хугацаанд тогтох, шинэ сонгууль зохион байгуулах тухай мэдэгдсэн байна.

Тэрбээр арваннэгдүгээр сарын сонгууль луйвар будилаантай болсныг дахин дахин сануулж, сэтгэл хөдлөлдөө авталгүй бодит баримтад итгэхийг иргэддээ уриалжээ.

Өнгөрсөн оны сонгуульд Аун Сан Сү Чигийн нам 86 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Энэ сонгуулиар байгуулагдсан парламентын анхны чуулган эхлэхийн өмнө хоёрдугаар сарын 1-ний үүрээр Мьянмарын арми төрийн эрхийг булаан авч байв.

15 жил гэрийн хорионд байгаад 2010 онд суллагдсан 75 настай төрийн зөвлөх Аун Сан Сү Чи, Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьин нар баривчлагдаад байгаа. Аун Сан Сү Чид зургаан ширхэг “walkie-talkie” радио холбооны хэрэгсэл хууль бусаар гадаадаас оруулж ирж ашигласан гэх хэрэг тулгаад байна.

Түүнийг хоёрдугаар сарын 15 хүртэл саатуулжээ. Цэргийн дэглэмийнхэн Аун Сан Сү Читэй уулзахыг зөвшөөрөхгүй  байгааг өмгөөлөгч нь мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian