Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж тав дахь удаагаа сайдаар томилогдох гэж байгаа ч анх удаа тангараг өргөнө

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн тогтлоо. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг томилж, тангараг өргүүлэх ажиллагаа 15:00 цагаас эхэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх журамтай болсон. Энэ дагуу шинээр томилогдох сайд нар УИХ-д тангараг өргөх юм. 

Уг тангарагт “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн байдаг.

2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар анх удаа УИХ-д тангараг өргөн томилогдсон билээ.

Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын 16 сайдын найм нь шинээр тангараг өргөнө. Тодруулбал, С.Амарсайхан, Ц.Нямдорж, Н.Уртнасан, Л.Энх-Амгалан, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Ч.Номин, С.Энхболд нар анх удаа тангараг өргөх гэж байна. 

Ц.Нямдоржийн хувьд өмнө нь дөрвөн удаа Хууль зүйн сайдаар томилогдож байжээ /Хамгийн эхний удаа буюу 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд/. Тэрбээр тав дахь удаагаа Засгийн газрын гишүүнээр томилогдох гэж байгаа ч анх удаа тангараг өргөх юм.