Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ.

Улаанбаатар хотод цар тахлын голомтууд идэвхтэй байсаар байгаа тул 5-аас илүү хүнтэй танхимын сургалтыг хориглосон хэвээр байна. Иймд хоёрдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчдад теле хичээл орно. 

Харин орон нутагт хичээлийн шинэ улирлыг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Төлөвлөгөө ёсоор 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх сарын 1-нд эхлэх бөгөөд орон даяар теле хэлбэрээр орно" гэлээ.

Түүнчлэн тэрбээр БШУЯ-ны албан ёсны хуудаст оруулсан тайлбарт "2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралт хоёрдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. БШУЯ-наас УОК-ын Шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнг үндэслэн ажилласан. Улаанбаатар хотод цар тахлын тохиолдлын илрэлт төдийлөн буурахгүй байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх асуудалд болгоомжтой хандаж байна. Мөн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад ойрын үед хүйтэн байхаар байна. Иймд цар тахлын үед ханиад томууны дэгдэлт нэмэгдүүлэхгүй байхаар болгоомжилж байгаа юм" гэв.

https://fb.watch/3fkQbuqeJX/

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд дотоодын халдвар батлагдсанаар бүх шатны сургалтын байгууллагын танхимын хичээлийг зогсоож, цахим болон теле хэлбэрт шилжүүлж, арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон. Үүнээс 1,151 нь дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд юм.

Дотоодын 1,151 халдварыг танилцуулбал /2020.01.26/

  • Улаанбаатар хотод-825 /сүүлийн хоногт 11 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эдгээрээс Улаанбаатар хотод л голомт идэвхтэй хэвээр байгаа бөгөөд аймгуудад халдвар илрээгүй 34-56 хоног болжээ.