Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Орегон мужид болсон тагтааны уралдааны үеэр Жо нэртэй тагтаа сураггүй алга болжээ. Энэ амьтан нь Алабама мужийн оршин суугчийн нэр дээр бүртгэлтэй уралдаанд сургасан шувуу юм байна.
Гэтэл хоёр сар гаруйн дараа энэ тагтаа Австралийн Мельбурн хотод гарч ирсэн байна. Австрали улс нь био аюулгүй байдлын хатуу хуультай бөгөөд карантины хатуу шалгалтаар ороогүй ямар ч тэжээвэр амьтныг хилээрээ нэвтрүүлдэггүй. Тиймээс нутгийн шувуудад элдэв халдварт өвчин тараах эрсдэлтэй гэж үзээд Жо тагтааг устгах шийдвэр гаргажээ.
АНУ-ын баруун эргээс Австрали хүртэл 12,000 гаруй километр замыг тагтаа хэрхэн туулсан нь тодорхойгүй байгаа юм. Ачааны хөлөг онгоцонд тээгдэж ирсэн байх магадлалтай гэж албаныхан үзэж байна.
Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Мельбурны оршин суугч Кэвин Селли Бөрд хашаандаа буусан тагтааг анх илрүүлж байжээ. Ядарч туйлдсан тагтаанд тэр жигнэмэг буталж өгсөн байна. Улмаар тэр тагтааны гарлыг интернэтээр судалсны эцэст Алабамад бүртгэлтэй болохыг тогтоожээ.
Алс холын Америкаас ирсэн тагтааны тухай мэдээ хэвлэлд гарсны дараа Австралийн албаныхан Бөрдтэй холбоо барьж, тагтааг устгахаар болсныг мэдэгдсэн гэнэ.
Одоогоор Жо тагтааг барьж чадаагүй байгаагаа Австралийн Хөдөө Аж Ахуй, Байгаль Орчны яам мэдээлжээ.
“Үүсэл гарлаасаа үл хамааран эрүүл мэндийн стандарт шаардлагад нийцээгүй ямар ч тэжээвэр шувуу Австралийн нутаг дэвсгэрт байх ёсгүй” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Хууль ёсны дагуу тэжээвэр шувууг Австралид нэвтрүүлэхэд маш хэцүү, зардал нь хэдэн арван мянган долларт хүрдэг. Тиймээс сүүлийн арван жилийн хугацаанд АНУ-аас Австралид ганц ч шувуу хилээр нэвтрээгүй юм байна.
Австралийн амьд амьтан импортлох хууль хатуугаараа алдартай.
2015 онд Холливүүдийн од Жонни Дэпп гэргийн хамт хувийн нисэх онгоцоор Австралид ирэхдээ өөрийн хоёр нохойг зөвшөөрөлгүй авчирсан нь илэрч, олон нийтээс уучлал гуйж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!