Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Журмын дагуу нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш худалддаг. Үүнийг нэмэх боломжгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний яамнаас өнөөдөр цахилгааны үнийг төрөөс хариуцах тухай Засгийн газрын тогтоолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр мөн сайжруулсан шахмал түлшний нөөц, үйлдвэрлэлийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. Тэрбээр "Энэ жил сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өссөн. Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, энэ жил олон жилийн дунджаас 5-7 градусаар хүйтэн байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшээр хангагддаггүй байсан хэсгүүдийг хамруулсан, мөн дунд шатлалын халаалтын зуухнуудыг сайжруулсан түлшээр хангадаг болсон. 

Өнгөрсөн онд нийслэлд 480 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байсан бол энэ жил 710 мянган тонн хэрэглэхээр урьдчилсан захиалга гарсан. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдэд өдөрт нийт 4,700 орчим тонныг түлш үйлдвэрлэж байна. Харин хэрэглээ өдөрт 5,700 орчим тонн бий. Хэдийгээр хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давсан ч бид нөөцөлсөн байсан 70 мянга орчим тонн сайжруулсан түлшээсээ борлуулан зохицуулалт хийж, нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлж байна.

Журмын дагуу нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалддаг. Энэ тоог үйлдвэрлэлийн хүчин чадал, иргэдийн хэрэглээнд тулгуурлан сайтар судалж байж гаргасан тоо. Манай хэрэглэгч нар долоо хоногт зургаан шуудайг хүрэлцээтэй байна гэж үзэж байгаа " гэв. 

Мэдээллийн дараагаар тэрбээр иргэдээс ирүүлж буй асуултад хариулав.

-Сайжруулсан шахмал түлшийг авахаар очиход заавал иргэний үнэмлэх шаардаж байна. Энэ ямар учиртай вэ?

-Сайжруулсан шахмал түлшийг авахад иргэний үнэмлэх шаардахгүй. Борлуулалтын цэгт анхааруулж хэлэх болно. Иргэд картаараа нормын хэмжээндээ журмын дагуу авч хэрэглэдэг журамд өөрчлөлт ороогүй.

-Идэр есийн хүйтэн эхэлсэн энэ үед зургаан шуудайг ядаж 10 болгон нэмэгдүүлж болохгүй юу?

-Энэ жилийн хувьд зургаан шуудайг нэмэх боломжгүй. Бид сайн судалж байж дундаж хэрэглээ зургаан шуудай байхад долоо хоногийн хэрэглээнд хангалттай гэж тооцсон. Мөн цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс дааж байгаа. Маш олон айл халаалтаа цахилгаан эрчим хүчээр хэсэгчлэн шийдэж байгаа. Иймд зургаан шуудайнд хүндрэл гарахгүй гэж бодож байна.