ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

ИЛ ЗАХИДАЛ: УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ТАНАА

ikon.mn
2020 оны 12 сарын 29
iKon.MN

ИЛ ЗАХИДАЛ

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг улс орон даяар зохион байгуулсан нь сайшаалтай. Гэвч хуулийн төслийн шинэчилсэн найруулгад илгээсэн бидний саналыг “дүр эсгэсэн ардчилал” гэдэг шиг нэмж тусгасангүй.

Тиймээс боловсролын салбарын бүх оролцогч тал болон эцэг эхчүүдийн саналыг хуулийн төсөлд сайтар тусгаж, шинэчилсэн найруулгаар боловсруулах шаардлагатай байна. Мөн Монгол Улсын боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй, хийдэлгүй болгохын тулд хуулийн үзэл баримтлал, үндэслэлийг илүү тодорхой болгож өмнөх хуулиудын ололттой зүйл, заалтуудыг тусган баталгаажуулж, яаралтай шинэчлэн найруулах саналыг Улсын Их Хурал, Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын багц хуулийн ажлын хэсэгт гаргаж байна. Хуулийн төсөлд тусгах саналыг хавсралтаар хүргүүлсэн болно.

Монгол Улсын ирээдүйг тодорхойлох “Боловсролын тухай багц хууль”-д бүх талын оролцоо тэгш дүүрэн байх болтугай.

 

 

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХОЛБООДЫН

НЭГДСЭН ЗӨВЛӨЛ


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НАРТ ИЛГЭЭСЭН    ИЛ ЗАХИДЛЫН ХАВСРАЛТ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсруулж буй Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дараах санал, хүсэлтийг хүргүүлж байна. Үүнд:

1.Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Хууль санаачлагч тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд хууль тус бүрийн үзэл баримтлалыг тодорхойлногэж заасан. Боловсролын эдгээр багц хуулийн төслүүд нь тус тусдаа үзэл баримтлалтай байх юм байна. Гэтэл Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хууль нь үзэл баримтлалгүй байхад хуулийн төслийн бичвэрийг бичиж, санал авах ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Боловсролын салбарын оролцогчид бид уг хуулийн төслийн үзэл баримтлал дээр салбарын байр суурь, бодлого, зарчмаа тодорхой болгож уг үзэл баримтлалд тусгах арга хэмжээг авах хүсэлтэй байна. Үзэл баримтлал тодорхойгүй, батлагдаагүй байхад хуулийн төслийг боловсруулах ажлыг явуулж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна.

2.Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудыг 5 жилд тутамд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээ, судалгаагаар эдгээр хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг байдлыг тодорхойлох, хууль зорилгодоо хүрсэн эсэх, хэрэгжилтийн түвшин ямар байгаа зэргийг судалгаагаар тогтоодог. Одоо үйлчилж байгаа Сургуулийн өмнөх боловсролын хуульд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгээгүй нь хууль боловсруулах ажил нь судалгаа, шинжилгээнд үндэслэх зарчмыг зөрчиж байгаа болно. 

3. Хуулийн үзэл баримтлалын хүрээнд боловсролын салбарын байгууллагын хувийн хэвшлийн цэцэрлэгт өмчийн хэлбэр үл харгалзан, түүний багш, ажилтан, суралцагч, эцэг, эхчүүдэд адил тэгш хандах зарчмыг тууштай баримтлах, цэцэрлэгийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлах, хувийн цэцэрлэгүүдийн багш, ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бодлогыг хуулийн төсөлд тусгах саналтай байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага бол нийтийн эрх ашигт үйлчилж, төрийн гүйцэтгэх ёстой чиг үүргийг хариуцан гүйцэтгэн, нийгмийн үйлчилгээ үзүүлж буй ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн этгээд юм. Иймд эрх зүйн байдал, хэлбэрийг дордуулахгүй байх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй болно.

4. Өнөөдөр хэлэлцэгдэж буй Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн төсөл нь төрийн бус өмчийн 422 цэцэрлэг, 5200 гаруй багш ажилтнуудаас гарсан саналыг нэгтгэн үзэхэд уг хуулийн үндсэн зарим нэг агуулгад хүүхдийн сурах эрх чөлөөг боомилсон, эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл аюулгүй байдалд сөрөг нөлөөлөхүйц, хүн бүрийн тэгш боловсрол хүртэх эрхийг ноцтой зөрчсөн, боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарыг ялгаварлан гадуурхах замаар боловсролын тогтолцооны тогтвортой байдалд заналхийлсэн сөрөг үр дагавартай үзэл санаа хөндөгдөж байна гэж үзэж байгаа учраас дараах асуудлыг нягтлан судалж, улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон Боловсролын тогтолцоог бүхэлд нь өөрчилж буй энэхүү асуудалд нухацтай хандахад анхаарлаа хандуулж, бидний саналыг хуульд тусгахад дэмжин ажиллана уу.  Дээрх асуудлыг дараах байдлаар тайлбарлаж байна.

Хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах замаар цэцэрлэгийн хүүхдийн тоог цөөлөх бодлогыг шууд хуульчилж байна. Энэ нь дараах сөрөг дагаврыг нийгэмд бий болгохоор байна. Тухайлбал, өнөөгийн хуулиар хүүхэд харах үйлчилгээ нь төлбөртэй. Гэтэл эмзэг бүлгийн буюу анхаарах ёстой нийгмийн нэгэн давхаргын хоёр настнууд гэртээ байх шаардлагатай болох нь. Өнөөдөр гэртээ цоожлогдсон, түлэгдсэн, бэртсэн, гэмтсэн хүүхдүүд олонх нь аюулыг урьдчилан харж мэдэхгүй хоёр настнууд байдгийг энд дурьдан сануулах хэрэгтэй байна.

Хүүхэд харах үйлчилгээ нь боловсролын байгууллага биш, тэнд ажиллах хүмүүс нь цөөн өдрийн сургалтад хамрагдсан багш мэргэжилгүй (18 нас хүрсэн л бол эрх авах боломжтой) байхаар заасан байдаг. Энэ нь хоёр настай хүүхдийн боловсролыг үгүйсгэсэн буюу сурч боловсрох эрхийг нь боомилж байгаа ноцтой асуудал юм. Хоёр настнууд бие даах, нийгэмших, хэлд орж, ярих чадвартай болж, хөгжлийн суурь тавигддаг чухал үедээ хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх багшгүй нөхцөл рүү шахагдаж байна.

Энэхүү хууль нь нэг талаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахыг дэмжиж байгаа харагдах хэдий ч нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг төрийн цэцэрлэгт олгохоор тусгаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжиж, үнэхээр тэгш хамрагдалтыг хэрэгжүүлье гэж байгаа, хөгжлийн ялгаатай хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байгаа байгууллага, багш бүхэн бол өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүртэх ёстой. Тэгж байж тусгай боловсрол шаардлагатай хүүхдийн боловсролын түвшин дээшлээд зогсохгүй, улсаас халамж нэхэх хүний тоо ирээдүйд огцом буурах боломж бүрддэг гэдгийг олон улсын жишээ харуулдаг.

Боловсролыг түгээгч, эх орныхоо хойчийг бэлтгэгч багш нар маань өнөөдөр хаана ажилладгаараа ялгаварлагдан, гадуурхагдах ёсгүй. Багш нар бол боловсролыг тогтвортой авч явах гол түүчээлэгч нар. Гэтэл энэхүү хуульд хувийн хэвшлийн цэцэрлэгт ажилладаг багш тэтгэвэрт гарах үеийн нэг удаагийн тусламж, бусад тэтгэмж, урамшууллыг хүртэх эрхгүй болж байна. Гэтэл хуулийн үзэл баримтлалд боловсролыг тэгш хүртээмжтэй олгоно гэж сайхан үгээр тодорхойлсон билээ. Хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийн боловсон хүчний буюу цаашлаад багшийг тогтвортой ажиллах боломжгүй болгож байгаа нь бодит үнэн юм.

5. Иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана гэж заасны дагуу хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн хоолны мөнгийг төрөөс олгох заалтыг төсөлд нэмж тусгах саналтай байна. Төрийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс төлдөг, харин энэ зардлыг хувийн цэцэрлэгт хүүхдийн хоолны мөнгө гэж олгохгүй байгаа нь ялгавартай байдал үүсгэж, хүүхдийн эрхийг зөрчиж байгаа болно.

6. Зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг төрийн өмчийн цэцэрлэгт ямар нэгэн хязгаарлалт, дараалал үүсгэхгүйгээр (сугалаа гэх мэт) чөлөөтэй элсүүлэх боломж, нөхцөлийг хангах, төрийн өмчийн цэцэрлэг нь стандартын дагуу хүүхдийн тоогоор анги дүүргэлтийг хангаж ажиллах зарчмыг хариуцлагатай болгож, зөрчсөн тохиолдолд бодитой, хатуу хариуцлага хүлээлгэх арга замыг хуулийн төсөлд тусгах саналтай байна. Уг зөрчил нь бусад хүүхдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа асуудал юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох цэцэрлэг, сургуулиа сонгох эрхийг хангах шаардлагатай байна.

7. 2002 оны Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан

“Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ” гэж заасны дагуу олгодог хувьсах зардлыг хасах, буцаах зэргээр санхүүгийн тогтворгүй байдал үүсгэдэг байдлыг хуулиар хориглох заалтыг төсөлд тусгах саналтай. Өнөөдрийг хүртэл нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг олгох аргачлалыг Засгийн газрын 242-р тогтоолоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд тус тогтоолыг тухайн орон нутгийн төрийн сангийн зүгээс ойлгомжгүй байдлаар тайлбарлаж, харилцан адилгүй хувийн цэцэрлэгт хандаж ирсэн нь боловсролын чанар, тэгш, хүртээмжтэй байдалд сөргөөр нөлөөлж ирсэн. Иймд хувьсах зардлын талаар нэг мөр тодорхой хуульчлан зааж, буцаагдахгүй нөхцөлөөр оруулах шаардлагатай юм.

8. Боловсролын салбарын байгууллагууд хөгжих, салбар нээх, өргөжин тэлэх нөхцөлийг хангах зорилгоор бусад санхүүгийн эх үүсвэрээс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, арилжааны бус зээлийн эх үүсвэрийг олж авах нөхцөлийг бүрдүүлэх баталгааг төсөлд тусгах саналтай байна. Ингэснээр СӨБ-д хамрагдах боломжгүй байгаа тэдгээр байршил, бүс нутагт, төсвийн ачаалалгүйгээр хувийн хэвшлийн хүч бололцоог ашиглан боловсролын чанартай, тэгш хүртээмжийг бий болгох бүрэн боломжтой болно. 

9. Өнөөдөр дэлхий нийтээр бага насны хүүхдийн эрт хөгжлийн тухай онолыг дэвшүүлэн боловсролын бодлогодоо нэвтрүүлж байна. Энэ нь 0-3 насанд хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе тул энэ насны хүүхдийг бид боловсролын үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэх учиртай юм. Хоёр настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахгүй байх нь тэдний хөгжлийг үгүйсгэсэн буюу сурч боловсрох эрхийг нь боомилж байгаа ноцтой асуудал юм. Иймд хоёр настнууд бие даах, нийгэмших, хэлд орж, ярих чадвартай болж, хөгжлийн суурь тавигддаг чухал үедээ хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх мэргэжлийн багштай, сургалтын орчин нөхцөлд үлдээх нь зүйтэй байна. Иймээс сургуулийн өмнөх насыг 2-5 насыг хэвээр үлдээх хамгийн оновчтой шийдвэр болно. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн залгамж холбоо, түүний үр дагаврыг сайжруулах зорилгоор цэцэрлэг нь дэргэдээ яслийн бүлэгтэй байж болох заалтыг тусгах, 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

10. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд “Боловсролын байгууллагын бүтэц, байршил, хэв шинжийг оновчтой болгох, үр ашгийг сайжруулах шаардлага үүссэн болохыг тогтоосон. Боловсролын үйл ажиллагаа эрхэлж буй ашгийн болон ашгийн бус боловсролын байгууллагын эрх зүйн орчныг холбогдох хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах хэрэгтэй байна. Боловсролын сургалтын байгууллагын хэв шинж, нэр томьёог шинэчлэх, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал, хэв шинжийг өөрчлөнө” гэж заажээ.

Үзэл баримтлалын хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролын байгууллагын хэлбэр, хэв маяг, бүтцийг дор дурдсан байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

17 дугаар зүйл. Боловсролын байгууллага

17.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.

18 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллага

18.1.Боловсролын сургалтын байгууллага нь эрх бүхий байгууллагад бүртгүүлж, зохих зөвшөөрөл авснаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ.

18.2.Боловсролын сургалтын байгууллага нь өмчийн хувьд ашгийн болон ашгийн бус хэлбэртэй байж болно.

Мөн хуулийн төслийн нэр томъёо хэсэгт “3.1.2. боловсролын сургалтын байгууллага” гэж сургуулийн өмнөх,  бага, дунд, мэргэжлийн боловсрол болон дээд боловсролын сургалтын  байгууллагыг” хэлнэ гэжээ. Энэ томъёололоор байгууллагыг байгууллага гэнэ гэж заасан нь ойлгомжгүй юм. Иймд нийтийн эрх зүйн этгээд болох “хуулийн этгээд” гэсэн ойлголтоор дор дурдсан байдлаар өөрчлөн найруулах хүсэлтэй байна. Үүнд:

3.1.2. “боловсролын сургалтын байгууллага” гэж сургуулийн өмнөх,  бага, дунд, мэргэжлийн боловсрол болон дээд боловсролын сургалтын нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг хэлнэ.”  

11.Хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ” гэж заасан байна. Энэ тодорхойлолт нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах компанийг хамруулсан өргөн агуулга илэрхийлж байгаа бөгөөд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани нь өөрийн дүрэм, баримт бичигтээ боловсролын зорилгыг хэрэгжүүлнэ гэсэн заалт оруулсан тохиолдолд шууд боловсролын байгууллага гэж үзэх боломжтой болж байна. Уг томъёолол нь Боловсролын байгууллагыг шууд ашгийн төлөө хуулийн этгээдийн хэлбэр лүү оруулжээ. Боловсролын байгууллагын үндсэн зорилго нь ашгийн төлөө биш, боловсролын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа нийтийн эрх зүйн этгээд юм. Компани бол шууд ашгийн төлөө бүх төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, хувийн ашгийн төлөө хуулийн этгээд байдаг. Боловсролын байгууллага нь ашгийн төлөө компанийн хэлбэрт бүхэлдээ шилжих юм бол салбарын бодлого алдагдах эрсдэлтэй, боловсролын байгууллага нэртэй компаниуд Монгол Улсын компанийн тухай хуулиар боловсролоос гадна олон төрлийн ашгийн төлөө үйл ажиллагаа давхар эрхлэх эрх зүйн үндэс бүрдэнэ, ийм байгууллагыг боловсролын байгууллага гэж хэлэх хэцүү болно.

Иймд боловсролын байгууллагын хуулийн этгээдийн хэлбэрийг өмнө хуулиар тодорхойлдог байсан нийтийн эрх зүйн этгээдийн хэлбэр болох “Боловсрол, сургалтын байгууллага” гэдэг нэршлээр нь хэвээр хадгалах нь зүйтэй юм. Энэ эрх зүйн хэлбэрийг хуулийн төслөөр өөрчлөх гэж байгаа нь одоо байгаа эрх зүйн байдлыг илт дордуулж байна. Иймд одоо байгаа эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь зөв бөгөөд боловсролын байгууллагыг ашгийн төлөө хуулийн этгээд гэж үзэхийг дэмжихгүй байна. Боловсролын зорилгыг хэрэгжүүлж буй нийтийн эрх зүйн этгээд болох Боловсрол, сургалтын байгууллагыг засаглал, өөрийн удирдлага, зохион байгуулалт, ажиллах зарчим, хүлээх үүрэг, эрхийн талаар тусдаа бие даасан хуультай байх шаардлагатай юм. Боловсролын байгууллагын харилцааг Компанийн хуулиар зохицуулах боломжгүй. Иймд хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан заалтыг дор дурдсан байдлаар өөрчлөн найруулах саналтай байна. Үүнд:

Хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ. Боловсрол сургалтын байгууллагын эрх зүйн байдлыг бие даасан хуулиар зохицуулна.” гэсэн заалт оруулах саналтай. 

12. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийг суурь, хувьсах, нэмэлт зардлаар санхүүжүүлэх зарчим шилжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг суралцуулж байгаа тохиолдолд тухайн сургуульд хүүхдийн тооноос хамаарч нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дэмжлэгийг төрөөс үзүүлдэг байхаар зохицуулна. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлын зарим хэсгийг эцэг, эх нь хариуцдаг болох санхүүгийн системийг боловсролын салбарт хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгана. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох. Боловсролын байгууллагын санхүүжилт оновчтой, үр ашигтай болсон байна.” гэж тусгасан байна. Үзэл баримтлалын энэ агуулгыг хэрхэн төсөлд буулгах вэ гэдэг асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж, эцэг, эхчүүдийн саналыг авах шаардлагатай юм.

13. Боловсролын ерөнхий хуулийн төслийн 14.5 дахь зүйлд “аймгийн сум, тосгон, баг дахь төрийн болон орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, сэтгэл зүйч, багш, туслах багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлэх” гэж заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан. Монгол улсад орон нутагт ажиллаж багш, сургуулийн ажилтанг төр, хувийн хэвшилд ажиллаж байгаа байдлаар нь ялгаж, зөвхөн төр, орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш, ажилтанд давуу байдал олгосон нь Үндсэн хуульд нийцэхгүй байна. Иймд эрх тэгш байх зарчмыг хангаж уг заалтыг “өмчийн хэлбэр үл харгалзан” гэж дор дурдсан байдлаар өөрчлөн найруулах саналтай байна. Үүнд:

16.5. аймгийн сум, тосгон, баг дахь сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, сэтгэл зүйч, багш, туслах багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг өмчийн хэлбэр үл харгалзан улсын төсвөөс санхүүжүүлэх;

14.Боловсролын ерөнхий хуулийн үзэл баримтлалд боловсролын салбарт тэгш бус байдлыг арилгана гэж заасан. Төрийн цэцэрлэгт ажилласан багш, ажилтан тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авдаг, гэтэл хувийн цэцэрлэгт ажиллаад тэтгэвэрт гарч байгаа багш ийм хэмжээний тэтгэмж авахгүй байгаа болно. Багш хүн бол төрд эсхүл хувийн сургуульд ажиллаж тэтгэвэрт гарснаараа ялгаатай, эрх тэгш бус байдалтай байж болохгүй юм. Иймд уг тэгш бус байдлыг арилгаж эрх тэгш байдлыг хангах заалтыг төсөлд оруулах саналтай.

15. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны чиглэл, агуулгын талаар тусгасан байна. Уг зүйлд дор дурдсан нэмэлт оруулах (тодруулсан хэсэг) саналтай байна. Үүнд:   

8 дугаар зүйл. Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны чиглэл, агуулга

             8.1 Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагааны агуулгыг хөдөлгөөн, эрүүл мэнд, хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, байгаль, нийгмийн орчин, хөгжим, дүрслэх урлаг, нийгэмшихүйн чиглэлээр тогтооно. 

8.2 Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагааг сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөр нь үндсэн шаардлагын хүрээнд уян хатан шинж шинж чанартай байх бөгөөд уг асуудлыг цэцэрлэгийн зөвлөл шийдвэрлэнэ.

16.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн тухай хуулийн төслийг зохицуулж буй харилцаагаар нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл, Бага, дунд боловсролын тухай хуулийн төсөл гэж салгах саналтай байна, учир нь уг нэгтгэсэн хуулийн төсөлд сургуулийн өмнөх боловсролын харилцааг дутуу тодорхойлсон, голлох байр суурьгүй, орхигдсон байна, одоо үйлчилж байгаа хуулийн хэвээр нь хадгалж, хуулийн төслийг салгах саналтай байна.


БОЛОВСРОЛЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ИЛГЭЭХ САНАЛЫН ХУРААНГУЙ:

  1. Боловсрол сургалтын байгууллагад өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах зарчмыг хуульд тусгах,
  2. Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насыг хамруулахаар хуульд тусгах,
  3. Боловсролын салбарын багш, ажилтнуудыг өмчийн хэлбэр харгалзахгүй нийгмийн баталгаагаар хангах заалтыг тусгах, (Тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, урамшуулал, бусад гэх мэт)
  4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох цэцэрлэг, сургуулиа сонгох эрхтэй байх. Энэ тохиолдолд өмчийн хэлбэр харгалзахгүй нэмэлт зардлыг олгох,
  5. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох. Үүнд: Цэцэрлэг барих, өргөтгөх, салбарлах, хөгжүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг хуульчлах,
  6. Багшийн хөгжлийг дэмжсэн сургалтын зээлийн эх үүсвэрийг хуульчилж, өмчийн хэлбэр харгалзахгүй хамрагдах боломжийг бүрдүүлэх,

 

 

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.8] 2020/12/30
Demjij bna zow shiidwer gargsn bna
0 | 0 Хариулах
Naraa [66.181.161.8] 2020/12/30
хувийн ,улсын ,нийслэлийн ,орон нутгийн гэж ялгалгүй адилхан тэтгэвэр тэтгэмж санхүүгийн дэмжлэг туслалцааг адилхан хүртээмжтэй өгч баймаар байна.хувийн цэцэрлэг ажилласнаар улсын цэцэрлэгүүдийн ачааллыг багасгаж байгаа.цаг хэцүү байгаа энэ үед хувийн цэцэрлэгийн багш нар хохирч байна .хувийн цэцэрлэгийн зарим багш нар улсын цэцэрлэгийн жижүүрийн цалингаас доогуур авч байна .
0 | 0 Хариулах
Б.Батжаргал [202.55.188.44] 2020/12/30
Хувийн цэцэрлэг байснаар улсын цэцэрлэгийн ачааллаас хуваалцаж байгаа шүү дээ. Бүгд улсын цэцэрлэгт явдаг байсан бол мянган сугалаа байгаад ч хэцүү дээ хэцүү. Хувийн цэцэрлэгүүддээ баярлалаа
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.73.22] 2020/12/30
Хувийн хэвшлийн цэцэрлэгийг бүх зүйлд төрийнхтэй адил хандах гэвэл Үүсгэн байгуулагчид юу хийх болж байна. Төрөөс хувийн цэцэрлэгт зарим дэмжлэг үзүүлж болох ч үүнийг хавтгайруулах ёсгүй! Харин үүсгэн байгуулагчид тавих шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Хувийн цэцэрлэгийн хувьд багшийг чадваржуулах, үдийн цай, нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих чиглэлээр л санхүүгийн дэмжлэг үзүүлж болох юм!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2020/12/30
тэнд хэдэн нямбааьтрын шахаанууд хууль хийж байгаа шд . бүгд хүүхэдгүй. амьдрал мэдэхгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.220] 2020/12/30
Buur neg socializmiin uyeiin guilgachinhiin setgelgeeneesee garch chadaagui udirdlagatai. Huviin hevshil geheer uzen yadna esvel booj bgaad avilgal avna. Yaaj ene uls oron hugjih vee?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.186] 2020/12/30
Socializmd huuhed yasli tsetserlegeer humuujij boijdog. Bagsh nar ni umuudiirn zalitai bagsh nar shig zuragt zalgan huuhdiin nud sohlon huuheldei uzuulj baisangui. Zaah arga surfan humuujuuleh asarch huuhdiin suuri humuujliig sain tawidag bsan. 8 nadtaid huuhed surguulid ordog yadardaggui eruul saruul boijson. Getel hun uurchlugduugui baihad huuhdiig 6 nastaid ni surguulid oruulj yadargaand oruulan eldew hiimel vitamin nertei biznest hutlugdun hamarlagdaj mongold ajil hiihed niigemtei haritsahad hereggui eldew olon doloon hel sudalj huuhduud bagaas eruul mendiin huwid dogoldoltoi bolson bn. Yagaad 8 nastaid surguulid orood nas bie eruul mend hicheeliin program daah nasandaa orj bolodoggui zaawal kapitaliizmiin mumgunii niigmiig dagan guildej harailgah yostoi we. Yagaad huuhed hurtel tulburtei tulburgui geed har nylhaas adil tegsh bus yalgawarlagdan huwaagdah yostoi we. Bolowsrol, eruul mendiin salbar huuhed ard irgediig yalgawarlah yostoi salbar mun uu. Ene 2iig uls hariutsah zuitei
0 | 1 Хариулах
Зочин [122.201.21.185] 2020/12/29
Өнөөдөр цар тахлын хөл хорионоос болж хувийн хэвшлийн цэцэрлэгийнхэн бодлогогүй төрийн золиос болон хохирч бна.гар дээр 1 ч төгрөгний цалин байхгүй гэтэл улсын цэцэрлэги йн багш 12р сард нэмэгдэл урамшуулалтайгаа нийлээд 1,500,000 төгрөгний цалин авч бгаа нь асар их ялгаварлал бгааг харуулж бна. Бид хувьд ажилладаг ч адилхан хүүхдийн төлөө ажиллаж бна. Энэ цаг үед улс ч хувь ч ажиллахгүй бхад яагаад төрийн цэцэрлэгийн багш нар цалингаа бүтэн авч бхад бид яагаад 1 ч төгрөггүй хохирч суудаг юм бэ.төр засаг жаахан ч гэсэн хүнийг тэгш эрх талаас нь бодож ажиллаж шийдвэр гаргамаар байна.хэрэв хувийн хэвшлийн цэцэрлэг хэрэггүй юм боь бүгдийг нь хаагаад, төр сөб.ийн ажлаа 100% өөрсдөө хариуц.
0 | 0 Хариулах
Онон [66.181.161.8] 2020/12/29
Дэмжиж байна хувийн хэвшилүүдээ дэмжиж эхлэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2020/12/29
Зарим хувийн цэцэрлэгт ажилладаг багш нар цалингаа төрийн цэрэрлэгийн туслах багшийн цалингаас доогуур авч байна ямар ч нэмэгдэл байхгүй нийгмийн баталгаа ч үгүй үүнийг зохицуулмаар хууль хэрэгтэй байна хувийнх гэж битгий ялгаарай адилхан хүүхэд хөгжүүлэх үйлст хувь нэмэр оруулж байгаа багш нар шүү дээ
0 | 0 Хариулах
zochin [59.153.115.181] 2020/12/29
huviin hevshiluude demjij baij uls hugjinu, ulsiin yumiig huus dandaa ungiduuldegshuudee, uls n unegui bolovch hahuul n diildehgui, ulsin umch nerin dor hahuuli tsetseglen hugjij jiriin bid nar tuuliaj bna
0 | 0 Хариулах
Оюука [103.26.193.170] 2020/12/29
Улсын, хувийн цэцэрлэгүүдийн тэтгэвэр, тэтгэмж, хангамжийг адилхан болгомоор байна
0 | 0 Хариулах
Чимка [103.26.193.170] 2020/12/29
Төрийн, төрийн бус гэж ялгаварлахаа болих хэрэгтэй. Адилхан хүүхдийн төлөө ажиллаж байгаа
0 | 0 Хариулах
СӨБн багш [64.119.16.12] 2020/12/29
Хүүхэд харах үйлчилгээг залуу багшийн хувьд дэмжихгүй байна. Бид 4 жил СӨБ-р суралцаад ажлын байр дээр гардаг. Бидэнд хүүхэдтэй яаж ажиллах, хөгжүүлэх гээд маш их суралцах зүйл гардаг. Гэтэл хүүхэд харах үйлчилгээний хүмүүс хэдэн долоо хоног суралцаад эрх авч байгаад харамсаж байна. СӨБ багшийн мэргэжил үнэгүйдэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.100] 2020/12/29
Инээдэмтэй санал
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.12] 2020/12/29
Гадаад улс орон хүүхдийг 1 наснаас нь эхэлж боловсрол олгож байхад юун хүүхэд харах үйлчилгээ вэ?? Ямар шалтгаанаар хүүхдийг 3 наснаас нь СӨБт хамруулж байгаа юм бэ? Дэлхийн жишгээс эсрэгээрээ яваад байгаа юм биш үү! Улс төрчдөө юмыг уншиж судлаачээ!!
1 | 0 Хариулах
Хулан [64.119.16.12] 2020/12/29
Би тохь тухтай хүүхдийг хөгжүүлж чадах цэцэрлэгийг сонгоод хүүхдүүдээ явуулдаг.Энэ нь миний сэтгэл амар ажлаа хийх нөхцөл бүрэлддэг. Төр засаг хувийн цэцэрлэгийг дэмжих хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээ чинь бараг л айлын хажуу өрөөнд ажилгүй хүмүүсийг төр засаг хоолтой нь залгуулж байгаа нэг хувилбар юм уу? Хэн ч хүүхдээ итгэж хүүхэд харах үйлчилгээнд өгөхгүй.
2 | 0 Хариулах
naraa [202.126.89.123] 2020/12/29
Тийм шүү.Хувийнхаа дуу хоолойг энэ төр засаг яам нь сонсоогүй юм байхдаа та бүхэн тохилог сайн орчинд манай ач 1 нас 5 сартайгаа цэцэрлэгт яваад одоо сургуульд 4 ангид сурч байна. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг ах эгч нараасаа өөр шүү
0 | 0 Хариулах
Saruul [64.119.16.12] 2020/12/29
Huuhed harah uilchilgeeg demjihgui bnaa.Yamarch bolovsrol olgohgui gazar huuhdee ogno gej yu bn um ve.Yagaad zaaval huuhed harah uilchilgee gej ochnoon sain huviin tsetserleg zondoo bn shuu dee.Alivaa umiig dandaa buruu obtsogoos harahaa bolimoor bnaa
0 | 0 Хариулах
Зочин [124.158.96.158] 2020/12/29
2 настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах эцэг эх байх уу даа, ямар ч мэргэжлийн биш хүмүүс, орчин нөхцөл нь шаардлага хангахгүй нөхцөлд хэн ч өгөхгүй. Зүгээр л ядаж хувийн цэцэрлэгүүдээ дэмжиж, хувийн хэвшлийн цэцэрлэгт 2 настнуудыг хамруулна гээд оруулах хэрэгтэй. Урдах хуулиасаа улам дордуулаад л байх юм.
1 | 0 Хариулах
Оюунбат [202.9.46.178] 2020/12/29
Төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож ялгарлан гадуурхаж үнхээр болохгүй төрөөс өгч байгаа ганц дэмжлэг болох хувьсах зардлыг ямар нэгэн үндэслэлгүй хасах байдал бол байнга гарч байдаг болсон .Хувийн хэвшлийн цэцэрлэг үүд төрийн ачаанаас нэлээдгүй үүрэлцэж яваа гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ
0 | 0 Хариулах
энхтуул [103.26.193.206] 2020/12/29
Төр хувь гэж ялгахгүй 36 сарын тэтгэмж олгох нь зөв бүгд л адил ажиллаж олон сар жил нийгмийн даатгал гэх мэтийг төлсөн мөн багш бидний тэтгэвэрийн насыг ч наашлуулах нь зөв. Хүүхэд харах үйлчилгээгээ дахин нэг эргэж хараачээ! Хүүхэд хөгжих боломжгүй, эрүүл хоол хүнсгүй, эрүүл зөв орчингүй байдаг. Энэ хүүхдүүд чинь бидний ирээдүй гэдгийг хүн бүр л мэддэг гэхдээ одоог хүртэл яг байрандаа байх юм.
1 | 0 Хариулах
ХБ-тэй хүүхдийн ээж [66.181.190.218] 2020/12/29
Хүүхдээ цөөн хүүхэдтэй, аятайхан орчинтой хувийн цэцэрлэгт өгнө гэж баярлаж байтал тэр нэмэгдэл энэ тэрийг нь өгөхгүй болохоор авахгүй юм байна л даа. Уг нь тэгш хамруулж байна гээд шинэ хуулийг нь уншиж дотроо талархаж суулаа. Тэр 50-60 хүүхэдтэй улсын цэцэрлэг ч авахгүй байхоо.
0 | 0 Хариулах
Naraa [66.181.190.218] 2020/12/29
Хоёр настнууд гэж ямар үйлийн үртэй амьтад байдгийн, сугалуулж азтай, азгүйгээрээ ялгуулна, эсвэл амархан өвддөг болохоор цэцэрлэгт авахгүй гэнэ. Тэгээд хүүхэд харах үйлчилгээнд төлбөр төлдөг хамгийн баян иргэд юм уу. Арай л дэндэнээ.
0 | 0 Хариулах
Boloroo [192.82.78.145] 2020/12/29
Монгол улс засгийн газар минь рлон улсын жишгийг харж судлал даа хэдэн нас байтугаа хэдэн сартайгаас авч ээжийг ажил хийх нийгмийн байр суурийг бэхжүүлж цаашлаад өрхийн орлого нэмэгдэж бүүр цаашлаад улсын эдийн засагт хүртэл эeрэг үр дагавар авчирна шүү дээ одоо юун бас 3 нас гэж хүүхдийн хөгжлийн ч бодолгүй бодлогогүй алхам хийж байна
0 | 0 Хариулах
Самбуу [103.26.193.206] 2020/12/29
Би 2 хүүхдээ хувийн цэцэрлэгт 1 ой2 сартайд нь өгсөн олон улсад бүр хэдхэн сартайд нь өгдөг Энэ одоо ямар сонин зүйл болоод бна Цэцэрлэг хүүрэд харах үйлчилгээ хоёрт чинь маш их зөрүү алдаатай зүйл бгааг хараггүй хүмүүс бэ Би хүүхэд харах үйлчэлгээнд нэг л итгэхгүй бид нялх үрээ нэг мэргэжилтын бус хүнд яаж даатгаад ажиллаа амар тайван хийх билээ Соц үед ясли цэцэрлэг гэдэг чинь үнэн утгаараа ажилдаг бж Цэцэрлэгийн багш нар бүх насны хүүхэдтэй ажилж чадна гэдгийг миний хүүхэддээ өгсөн цэцэрлэг баталсан
0 | 0 Хариулах
Баярмаа [150.129.142.80] 2020/12/29
Төр төрийн бус гэлтгүй тэтгэвэрт гарахд нь 36 сартай тэнцэх цалинг олгох зүйтэй Үсээ буурал болтолоо хүүхдийн төлөө ажиллаж бга хүмүүс бол цэцэрлэгийн багш тийм учир тэднийг харж үзэх хэрэгтэй Миний ач зээ нар хувийн цэцэрлэгээр хүмүүжсэн Мундаг багш нар л хувьд ажилладаг гэж би боддог
0 | 0 Хариулах
Дэлгэрсайхан [59.153.114.226] 2020/12/29
Санал асуулгыг дахин авах аль эсвэл санал асуулгын дүнг олон нийтэд ил тод байрлуулна уу.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.215] 2020/12/29
Тийм шүү.Хувийнхаа дуу хоолойг энэ төр засаг яам нь сонсоогүй юм байхдаа та бүхэн тохилог сайн орчинд манай ач 1 нас 5 сартайгаа цэцэрлэгт яваад одоо сургуульд 4 ангид сурч байна. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг ах эгч нараасаа өөр шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.113] 2020/12/29
Төлбөр авч байж больмоор юмаа гэж атаарахсан юм ярихаа больмоор юм. Авсан төлбөр таны хүүхдийг сургаж буй багш боловсон хүчин, тав тухтай орчин, суралцахуйн чиглэлд зарцуулагдаж байгаа шүү дээ.
1 | 0 Хариулах
Туяа [59.153.115.215] 2020/12/29
Төр хүүхдүүдээ ялгаварлан гадуурхаж болохгүй .2 настай хүүхэд хүүхэд биш юм уу. Хууль боловсруулаж байна гээд 2настай хүүхдийг гээж мартаж болохгүй хуульчид минь тэднийг цэцэрлэг хамруулах нь чухал.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.155] 2020/12/29
Төлбөр авч байж больмоор юм аа
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.235] 2020/12/29
2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах хэрэгтэй
0 | 0 Хариулах
altantsetseg [202.9.40.109] 2020/12/29
toriin huwiin gj ylgamaargvi bnaa bid chin neg l salbar ter utgaaraa tvmnii hvvhdiin toloo hoergvi setgeleer zvtgej ywdag l uls shv de. Zasag tor maani anhaaraldaa awch bagsh nariin niigmiin asuudliig adil tegsh erhteegeer hvrteeh ni zvitei.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.75] 2020/12/29
Төр хувийнх гэж ялгамааргүй бнаа нэг ижил боловсролын салбар шүү дээ
0 | 1 Хариулах
Зочин [103.10.22.91] 2020/12/29
Дэмжиж байна.Хувийн цэцэрлэгийн багш,ажилчдын нийгмийн асуудал,хөдөлмөрлөх эрхийг төрийн,хувийн гэж ялгаварлахгүй байх,боловсролын салбарт хүүхэд хүмүүжүүлэх ,төлөвшүүлэх,гэгээн сайхан оюунлаг ажилд зүрх сэтгэлээ зориулж,хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа болон хувийн цэцэрлэг ард бидний хүүхдүүдийг аль болох сурах боловсрох таатай нөхцөлөөр хангаж ажиллаж байгааг үл тоомсорлож байгаа нь эцэг эх бидэнд санал нийцэхгүй байгааг дурьдан,захидлын хариуг таатай нөхцөлөөр хуулиндаа тусгах байх гэж найдаж байнаа
2 | 0 Хариулах