Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Аялал жуулчлалын салбараас Улаанбаатар хот 2020 онд 2.2 их наяд төгрөгийн шууд бус алдагдал хүлээв

ikon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахлын нөлөөгөөр хүнд цохилтод орсон салбаруудын нэг нь АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ болоод буй.

Энэ салбар дэлхий даяар анх удаа ТЭГ ЗОГСОЛТ хийж байна. 

Тэр утгаар Монгол Улсын аялал жуулчлалын салбар, тэр дундаа Улаанбаатар хот өнгөрсөн 2, 3, 4 дүгээр сард ямар алдагдал хүлээсэн талаар Монголын Үндэсний их сургуулийн багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Б.Ербахыт сонирхолтой судалгаа хийснийг бид танилцуулж байсан.

Тэгвэл энэ удаа тэрээр уг судалгаагаа шинэчилж, 2020 оны Монголын аялалын жуулчлалын салбарын талаарх судалгааг хийжээ.

Түүний тооцооллоор 2020 оны турш нийслэлийн эдийн засаг аялал жуулчлалын салбараас олох

  • Гадаадын жуулчдаас шууд олох- 469 тэрбум 654 сая төгрөгийн “шууд алдагдал”
  • Аялал жуулчлалын нийт салбараас 2 их наяд 254 тэрбум 649 сая – 2 их наяд 273 тэрбум 848 сая төгрөгийн “шууд бус алдагдал хүлээжээ.  

Уг мөнгөн дүн шууд болон шууд бус, дам байдлаар эдийн засагт борлуулалт үүсгэж, нийт орлогын 10-20% нь ажилчдын нийгмийн даатгал, хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийслэлийн 1%-ийн татвар, төрөл бүрийн хураамж хэлбэрээр Нийслэлийн төсөвт төвлөрөх боломжтой байсан аж. Өөрөөр хэлбэл 2020 онд гадаадаас ирсэн жуулчдын цэвэр валютаар эргэлт үүсэж, аялал жуулчлалын салбараас Улаанбаатар хотын төсөвт8 төвлөрөх ёстой байсан 225.4-454.7 тэрбум төгрөгийн валют алдагдсаныг дараах тооцооллуудаар гаргаж тавьжээ. 

НЭГ. Шууд алдагдлын хэмжээ

Монгол Улс 2019 онд 570,262 (ХХЕГ, 2020) жуулчин хүлээн авч, 607 сая ам.доллар буюу 1,685,674 сая төгрөгийн (БОАЖЯ, 2020) цэвэр ашиг олсон. Улсын ДНБ 37,280,841.39 сая төгрөгт хүрсэн ба Аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ний 6.48%-ийг бүрдүүлжээ. 2020 онд аялал жуулчлалын салбарын орлого 668 сая ам.ам долларт хүрч ДНБ1-ийн 5.02%-ийг бүрдүүлэх урьдчилсан тооцоотой байжээ.

Гэвч Монгол Улсад жилийн турш 36,483 жуулчин ирсэн байна. Үүнийг тодотгож хэлбэл улсын хилээр 1, 2 сард 3-р сарын эхний өдрүүдэд жуулчдын тоо гэсэн үг. Энэ нь Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 2020 онд 93.1%-иаар буурсан гэсэн үг. Ийнхүү буурахад жуулчдын хотын эдийн засагт оруулах орлого 95.4%-иаар буурсан байна.

Зураг 1. Шинэ коронавирусийн нөлөө 

 

2020 онд Улаанбаатар хот жуулчдаас 171.2 сая ам доллар буюу 489 тэрбум 878 сая төгрөг олох боломжтой байснаас жилийн турш 20 тэрбум 224 сая төгрөг олсон байна. Улаанбаатар хот хамгийн багадаа 469 тэрбум 654 сая төгрөгийн “шууд алдагдал” хүлээжээ.

Зураг 2. Улаанбаатар хотын эдийн засагт учрах шууд алдагдал

 

ХОЁР. Шууд бус алдагдлын хэмжээ

2018 онд Улаанбаатар хотын ДНБ 21,404,434.7 сая төгрөгт хүрч улсын ДНБ-ний 64.7%-ийг бүрдүүлжээ. 2020 оны нийслэлийн төсвийг 915 их наяд 347 тэрбум 364.1 сая төгрөг байхаар баталсанаас төсвийн орлого 889 их наяд 896 тэрбум 780,2 сая төгрөг байхаар тооцжээ.  

Шууд зардлын дүнгээс алдагдлын Улаанбаатар хотын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, түүний алдагдлыг тооцох нь үнэнээс хол зөрүүтэй тоо гарах магадлалтай учир салбар тус бүрээр ангилж, тооцоо хийв.

 

Улаанбаатар хотын дэн буудлууд 2020 оны турш 9 тэрбум 576сая -12 тэрбум 300 сая төгрөгийн алдагдал хүлээжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 2,648 өрөөтэй, 3,636 ортой 312 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна (НАЖГ, 2020). Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад ихэвчлэн дотоодын иргэд үйлчлүүлдэг бөгөөд жилийн турш ор дүүргэлт дунджаар 33.3 %-тай байдаг (Б.Ербахыт, 2016). Дэн буудлын ор дүүргэлтийн хэмжээг сар тус бүрээр гаргасан судалгаа байдаггүй тул дэн буудлын дундаж ор дүүргэлтийг өдөрт 33.3%-аар тооцов. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэн буудлын нэг өрөөний үнэ дунджаар 35,000-45,000 төгрөг байна.

Нийслэлийн  Засаг даргын захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс бүрэн зогсоож, А/521 тоот захирамжаар 04 дүгээр сарын 16-наас шат дараатай нээж эхэлсэн ба энэ үед дэн буудлын ашигтай ажиллах хугацаа өнгөрсөн. Дэн буудал 11-р сараас 3-р сар хүртэл ашигтай ажилладаг ба үүнээс хойш ашиг орлого нь муудаж, зун хүн багатай байдаг. Мөн иргэдийн орлого муудсан учраас дэн буудал, зочид буудлаар үйчлүүлэх хүмүүсийн тоо эрс багассан. Иймээс дэн буудлууд жилийн турш буюу 310 хоног хаалттай эсвэл ашиггүй байсан гэж тооцоход дараах алдагдлыг хүлээсэн байна.

Хүснэгт 1. Дэн буудлын алдагдлын тооцоолол

Дүүрэг

Буудлын тоо

Өрөөний тоо

Орны тоо

Нэг өдрийн алдагдал

(сая.төг)

Жилийн алдагдал

(сая.төг)

Сонгинохайрхан

70

598

747

7.0-9.0

2,160-2,777

Хан-Уул

11

110

157

1.3-1.64

397-510

Сүхбаатар

35

209

308

2.4-3.1

755-970

Баянгол

79

673

905

7.8-10.8

2,431-3,126

Баянзүрх

95

890

1243

10.3-13.3

3,215-4,134

Налайх

2

20

31

0.23-0.30

72-92

Чингэлтэй

20

148

245

1.7-2.2

534-687

Нийт

312

2648

3636

30.8-39.6

9,567-12,300

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Улаанбаатар хотод байгаа дэн буудлууд нэг өдөрт 30.8-39.6 сая төгрөг алддаг бөгөөд 2020 оны турш 310 хонгийн турш хаалттай болон орлого байхгүй ажиллахад 9 тэрбум 576сая -12 тэрбум 300 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.

Одтой зочид буудлууд энэ хугацаанд өдөрт 386 сая, нийт 150 тэрбум 290 сая-158 тэрбум 911 сая төгрөгийн алдагдал хүлээжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт 8,175 өрөөтэй, 11,075 ор бүхий 290 зочид буудал ажиллаж байгаагаас 75 нь одны зэрэглэлтэй үйл ажиллагаа явуулдаг (НАЖГ, 2020). Зочид буудал нь дэн буудлыг бодвол үнэ, ор, өрөөний тоо илүү, үйлчилгээний чанар сайтай илүү байдаг. Зэрэглэлгүй зочид буудлаар ихэнхдээ дотоодын жуулчид үйлчлүүлдэг ба ба 2014 оны байдлаар нийт үйлчлүүлсэн хүмүүсийн 19.4% нь гадаадын жуулчид, үлдсэн нь дотоодын үйлчлүүлэгчид байжээ (Б.Ербахыт, 2016). Харин одтой зочид буудлуудын ихэнх үйлчлүүлэгчид гадаадын жуулчид байдаг ба албан бус мэдээгээр 90%-ны гадаад хүмүүс байдаг. Зэрэглэлгүй зочид буудлын дундаж үнэ 80-100 мянган төгрөг, одны зэрэглэлтэй 76  зочид буудлын хамгийн доод үнэ дунджаар 203 мянга, өрөөний дээд үнэ дунджаар 527 мянга, дунджаар 369 мянган төгрөг байна. Ор дүүргэлт зэрэглэлгүй зочид буудлуудад 26.5%-тай (Б.Ербахыт, 2016), зэрэглэлтэй зочид буудлуудад 38%-тай4 байна.

Коронавирусийн хорио цээрийн зочид буудлын үйл ажиллагааг зогсоогоогүй боловч хилийн хорио цээр тогтсон, хүмүүсийг гэртээ байхийг зөвлөсөн зэрэг вирусын эсрэг авсан арга хэмжээний нөлөөлөл зочид буудлын үйлчилгээнд шууд нөлөөлжээ. Тандалт судалгаагаар энэ хугацаанд зочид буудлуудын ор дүүргэлт 1-10%-тай байна (МЗБХ, 2020).  Мөн ихэнх зочид буудлууд хаагдаж, зарим нь тусгаарлагдах байраар ашиглагдаж байгаа боловч ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Зун жуулчид байгаагүй, дотоодын жуулчид хөдөө орон нутагруу явсан, 9-11 сар мөн зочид буудлуудын хувьд бага орлоготой байдаг хугацаа зэргийг тооцож үзээд, бүх зочид буудал 300 хоног орлого байхгүй, ажилласан гэж үзэн тооцоолол хийхэд  дараах алдагдлыг хүлээжээ. Тооцоолол хийхдээ зэрэглэлгүй зочид буудлуудын ор дүүргэлт 10%, зэрэглэлтэй зочид буудлын ор дүүргэлт 5% байсан гэж үзэв.

 
Нийслэлийн хэмжээнд байгаа 215 зэрэглэлгүй зочид буудал нэг өдөрт 115-144 сая төгрөг, жилийн турш 34 тэрбум 483 сая- 43 тэрбум 104 сая төгрөг алдагдал хүлээжээ. Харин одтой зочид буудлууд энэ хугацаанд өдөрт 386 сая, нийт 150 тэрбум  290 сая-158 тэрбум 911 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.

Амралтын газрууд 2020 оны турш нийт 27 тэрбум 459 сая- 35 тэрбум 304 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна

Монгол Улсын хэмжээнд 576 амралтын газар, жуулчны бааз  (МЖБХ, 2019) байдгаас 151 нь хот орчимд байрлалтай. Үүнээс 51 нь жилийн турш (NAP, 2016), үлдсэн 5-р сарын 1-ны 10-р сарын 1-н хүртэл улиралын чанартай ажилладаг. Амралтын газрууд өвлийн саруудад нэг хүнийг 35,000-45,000 (NAP, 2016) төгрөгийн үнэтэй буулгадаг. 

Өмнөх жилүүдэд амралтын газруудын ор дүүргэлтийг 38%-иаас дээш байдаг байсан бол энэ зун 15% болтлоо буурсан байна. Өөрөөр хэлбэл энэ зун  дотоодын аялагчдаас дундажаар 16 тэрбум 800 сая-21 тэрбумт 600 сая төгрөг хүртэл ашиг олсон ба энэ нь 1 жуулчны бааз зуны 5 сарын турш 11.1-14.4 сая төгрөг олсон гэсэн дүр зураг харагдаж байна. Анхдагч тоо баримтууд тодорхой бус, албан ёсны биш болохоор тооцоололын хувьд ± 10% алдаа гаргасан байх магадлалтай гэж таамаглав. Мөн энэ нь нийт орлого эсвэл цэвэр ашгийг аль нэ гэдгийг тогтооход мөн хүндрэлтэй байна.

 
Хот орчимд жилийн турш ажиладаг амралтын газрууд захирамжаар хаагдсан учраас нийт 1 тэрбум 698 сая- 2 тэрбум 183 сая төгрөгийн алдагдал,  мөн нийт жуучлны баазууд зуны турш 25 тэрбум 761 сая-33 тэрбум 121 сая төгрөг алджээ. Нийлээд амралтын газрууд 2020 оны турш нийт 27 тэрбум 459 сая- 35 тэрбум 304 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Жуулчдын худалдан авалтаас 1 их наяд гаруй төгрөгийн ашгаа алдсан 

2020 онд жуулчдын худалдан авалтаар хотын эдийн засагт оруулах мөнгөн дүн 10.1%-аар өсөж, 619.8 сая ам.доллар олох төлөвтэй байв. 2020 онд энэ мөнгөн дүнгийн нийт 93,1 %-ийг алдсан гэж тооцвол жилийн турш 577 сая ам.доллар буюу 1 их наяд 650 сая төгрөгийн6 ашгаа алдсан байна.

Хоолны салбар 191 тэрбум 386 сая төгрөгийн алдагдал хүлээжээ

Улаанбаатар хотод нийтийн хоолны 3,482 газар ажилладаг бөгөөд хотод саатсан жуулчид зөвхөн ресторан, баар, кофе шопоор үйлчлүүлдэг. Уг тоонд зочид буудлын дотор ажилладаг ресторан, кофе шопууд бүгд хамрагдсан. Улаанбаатар хотын нийтийн хоолны газруудын 52.6% -аар жуулчид үйлчлүүлдэг тухай тооцоолол хийлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд 2015-2019 он хүртэл ашгийг динамик шинжилгээгээр тооцоход 2019 онд Улаанбаатар хотын хоолны газрууд 65.3 сая ам.доллар буюу 181 тэрбум 272 сая7 төгрөгийн ашгийг аялал жуулчлалын салбараас олсон байна.

Прогноз өсөлтийг хувьчлан тооцож үзэхэд 2020 онд жилийн турш 71.87 сая ам.доллар буюу 199 тэрбум 511 сая төгрөг ашиг олох тооцоолол гарч байна. Жилийн турш ирдэг жуулчдын 93.1%-ийг алдсан учир хоолны салбарын ашиг мөн 93.1%-иар буурсан гэж тооцоход 669.2 сая ам.доллар буюу 191 тэрбум 386 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.

Үзвэр үйлчилгээний газрууд 102 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн

Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг музей, кинотеатр, урлагийн тоглолт, энтертайнмент үйлчилгээний газрууд, жуулчдад зориулсан бэсрэг наадам, мини тоглолт зохион байгуулдаг газрууд, бусад төрлийн үзвэр үйлчилгээний газрууд жуулчдаас 2010-2014 онд 116.03 сая ам.доллар буюу 322 тэрбум 99 сая төгрөгийн ашгийг аялал жуулчлалын салбараас олсон байна (Маркетметрикс, 2015). Энэ нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбараас олсон нийт орлогын дундажаар 8.4%-ийг эзэлж байна.

2020 оны турш 56.46 сая ам.доллар буюу 156,732. сая төгрөгийг аялал жуулчлалын салбараас олох дүр зураг харагдаж байна. Олох боломжтой байсан энэ орлогын 93.1% алдсан гэж тооцоход нийт 35 сая ам.доллар буюу 102 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Тээврийн салбар75 тэрбум 316 сая төгрөгийг ашгаа алдсан

Нийслэлийн хэмжээнд 10,000 орчим автобус (ҮСХ, Улаанбаатар хотын автомашины тоо, бүтэц, 2016) байдаг үүнээс албан бус мэдээгээр 2,000 орчим нь жуулчны түрээсийн тээвэрт явдаг. 2019 онд нийт 760 тээврийн хэрэгсэл (НАЖГ, 2020) жуулчны дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл авчээ. Эдгээр тээврийн хэрэгсэлүүдээс 45 хүний том автобус өдрийн 250-300 мянган төгрөг, нэмж бензин авдаг бол 25 хүний бага оврын автобус 150-200 мянга, 8-аас дээш хүний суудалтай фурган, старекс зэрэг 100-1200 мянган төгрөгийн түрээсийн үнэтэй байдаг.

Тээврийн үйлчилгээ эрхлэгчид 2019 онд аялал жуулчлалын салбараас 25.79 сая ам.доллар буюу 71,593 сая төгрөгийн ашиг олсон тооцоолол гарч байгаа бөгөөд 2020 онд 28.39 сая ам.доллар буюу 78 тэрбум 810 сая төгрөг олох дүр зураг харагдаж байна. Мөн ялгаагүй нийт орлогын 93.1%-ийг алдсан гэж тооцоход 26.3 сая ам.доллар буюу 75 тэрбум 316 сая төгрөгийг ашгаа алдсан байна.

Эвент арга хэмжээ 48 тэрбум 340 сая төгрөгийн ашиг олох боломжоо алдсан 

Улаанбаатар хотод жил бүр жуулчинд зориулсан урлаг соёлын, спортын олон арга хэмжэнүүд зохион байгуулагддаг. Мөн үүнээс гадна багц аяллын жуулчдад зориулж бэсрэг наадмуудыг зохион байгуулдаг. Эвент арга хэмжээнүүдээс Улаанбаатар хот 2010-2014 оны хооронд  37.3 сая ам.долларын (Маркетметрикс, 2015) ашиг олсон ба энэ Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбараас олдог орлогын 2.7% эзэлдэг байна. Уг судалгаанд үндэслэн регрецийн аргаар шинжилгээ хийхэд 2020 онд Улаанбаатар хот зөвхөн эвент арга хэмжээнээс 18.15 сая ам.долларын ашиг олохоор байжээ.

 

2020 оны турш нийт орлогын 93.1%-ийг алдсан гэж үзвэл нийт 16.9 сая ам.доллар буюу 48 тэрбум 340 сая төгрөгийн ашиг олох боломжоо алдсан байна.

 Аялал жуулчлалын салбараас Улаанбаатар хотын ДНБ-ний 9.13-9.21%-тай тэнцүү хэмжээний алдагдал хүлээв

Коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны 2-р сарын 26-наас хойш Монгол Улсад онцгой дэглэм үйлчилж, ихэнх байгууллагууд хорио цээрийн улмаас хаагдсан. Үүнээс болж Улаанбаатар хотын эдийн засгийн ихэнх салбарууд зогсонги байдалд орсон ба гол алдагдал хүлээсэн нь аялал жуулчлалын салбар байв. Энэ нь нийт 88 мянган ажлын байранд шууд нөлөөлж, аялал жуулчлалын салбараас ашиг хүртдэг дэн буудал, зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, музей, кино театр, энтертайнмент үйлчилгээний газрууд, жуулчдад зориулсан урлагийн тоглолт, эвент арга хэмжээнүүд жуулчны бэсрэг наадам, мини тоглолт зохион байгуулдаг газрууд, жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн орлого буурч, дараах алдагдлыг хүлээжээ.

 
Зураг 10. COVID-19 цар тахлын аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө
 

Үндсэндээ аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсноос болж аялал жуулчлалын салбараас Улаанбаатар хотын ДНБ9-ний 9.13-9.21%-тай тэнцүү хэмжээний алдагдал хүлээв.



  1. ЗГ-аас 2020 оны ДНБ-ний өсөлтийг 6%-ийн өсөлттэй байхаар баталсан(2020=39 111 498)
  2. ХХЕГ-ын мэдээнд тулгуурлан тооцов.
  3. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын салбарын нийт орлогыг тооцох аргачлалаар тооцов.
  4. Судлаачийн тооцоолол
  5. Ор дүүргэлт 5-10 %-тай гэж тооцов.
  6. 1 доллар-2860 төгрөг гэж тооцов.
  7. Монгол банкны 2020 оны 04-р сарын 01-ны өдрийн ханшаар тооцов.
  8. УБ хотын 2020 оны төсвийн орлого Орлого 1,211.6 тэрбум
  9. УБ хотын ДНБ: 24,683,663.7 сая.төгрөг. Эх сурвалж. 1212.mn