Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны виз авахын төлөө шахцалдааны үеэр Афганистанд 11 эмэгтэй дарагдаж амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Афганистаны Жалалабад хотын стадионд Пакистан явах иргэдэд виз олгох ажиллагаа зохион байгуулагдах үеэр 11 эмэгтэй хүмүүсийн хөлд гишгэгдэж амиа алджээ.

Хохирогчдын ихэнх нь Афганистаны янз бүрийн бүс нутгаас зорьж ирсэн настай хүмүүс байсныг Нангархар мужийн захиргаа мэдээлсэн байна. 

Үүнээс гадна олон мянган хүн стадионд цугларч, шахцалдсанаас эмэгтэйчүүд голдуу 13 хүн бэртэж гэмтжээ.

Нангархар муж дахь Пакистаны консулын газар цар тахлын улмаас бараг найман сар хаалгаа барьсны дараа нээгдсэн юм байна. Олон мянган хүн виз авахаар цугларахыг тооцоолсон мужийн эрх баригчид арга хэмжээг стадионд зохион байгуулж, дэг журам сахиулах зорилгоор 320 хүн ажиллуулжээ.

Афганистан, Пакистан улсууд есдүгээр сараас эхлэн хилээ нээсэн юм. Зөвхөн сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 19,000 гаруй виз олгосноо Кабул дахь Пакистаны элчин сайдын яам мэдээлжээ.

Жил бүр сая сая афганчууд дайны хөл, эдийн засгийн хямралаас зугтаж, хөрш Пакистан руу цагаачилдаг байна.

Дээрх үйл явдлаас гадна өчигдөр Афганистаны хойд нутагт 36 цагдаагийн албан хаагч Талибуудын отолтод орж, алагджээ.

Энэ нь Афганистаны засгийн газар, Талибан хөдөлгөөний хооронд энхийн гэрээ байгуулах хэлэлцээ эхэлснээс хойш гарсан хамгийн олон хохирогчтой халдлага болсон байна.

 

Эх сурвалж: Associated Press