Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод дулаалгын зах зээлийг бий болгохыг зорьж буй төсөл

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төсөл нь Улаанбаатар хотод чанарын баталгаатай дулаалгын зах зээлийг бий болгохыг зорин ажиллаж байна. Өмнө нь иргэд барилгын норм стандартыг даган мөрдөхгүйгээр өөрсдийн мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлан баталгаагүй материалаар дулаалгаа хийдэг байсан нь дулаалгыг үр ашиггүй, мөнгө үрсэн ажил болгодог байв. Энэ нь иргэдийн дунд “Дулаалга” ийм л байдаг гэсэн нийтлэг ойлголтыг төрүүлж байгаа нь бодит байдал.

Харин “Дулаан шийдэл” төсөл нь дулаалгын талаарх өрөөсгөл ойлголтыг өөрчилж, чанарын баталгаатай материалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв аргачлал бүхий дулаалгын зах зээлийг бий болгох зорилготой. Энэхүү дулаалгын зах зээл нь эрэлт талаас амины орон сууцаа дулаалах сонирхолтой иргэдийг, нийлүүлэгч тал буюу чанарын шаардлага хангасан дулаалгын материал нийлүүлэгч, байшингийн дулаан алдагдал, дулаалгын тооцоог хэмжих мэргэжлийн эрчим хүчний зөвлөх, дулаалгыг хийж гүйцэтгэх барилгачид, санхүүгийн асуудал ногоон зээлээр шийдэх банк, санхүүгийн байгууллагуудтай тус бүр холбож, хамгийн сүүлд эрчим хүчний аудитораар үнэлгээ хийлгэн баталгаажуулснаар дуусах цогц систем юм.

“Дулаан шийдэл” төслийн хүрээнд бий болж буй дулаалгын зах зээл нь оролцогч бүх талуудад харилцан ашигтай байхаар зохицуулалт хийгдэж байна. Мөн үйлчлүүлэгчийн хэрэгцээ, өрхийн санхүүгийн боломжид үндэслэн бүтэн дулаалга, дээврийн дулаалга гэх мэт олон төрлийн дулаалгын багцуудыг санал болгож байна. Бүтэн дулаалгын багцыг сонгож хийлгэвэл байшингийн  дулаан алдагдал 70 хүртэлх хувиар багасах төдийгүй төдий чинээ түлшний хэрэгцээ багасна. Энэхүү зах зээлийн үндсэн зохицуулалт нь дулаалгын эрэлт хэрэгцээнд тулгуурласан зах зээлийн нарийвчилсан суурь судалгаанд үндэслэсэн юм.

Дулаалгын ажил хэрэгжүүлэх үе шат

Эрчим хүчний зөвлөх амины орон сууцанд үнэлгээ хийж, тухайн байшинд тохирсон дулаалгын материалын дагуу үнийн санал өгнө. Тухайн өрх нь дулаалгын зардлыг өөрсдөө төлж болно, эсвэл Хас банкны 8%-ийн хүүтэй ногоон зээлд хамрагдаж болно. Хэрэв зээлд хамрагдах боломжтой бол зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар дулаалгын ажил эхэлнэ. Чанарын шаардлага хангасан дулаалгын материалууд нийлүүлэгчээс айлд хүргэгдэж ирсний дараа, барилгачид нэг долоо хоногийн дотор ажлаа хийж гүйцэтгэнэ. Ажил дууссаны дараа эрчим хүчний зөвлөх чанарын шалгалт хийх бөгөөд эрчим хүчний аудитор дулаан алдагдлын хэмжээг тооцоолсноор дулаалгын ажил дуусгавар болно.

Дулаалгын үнэ, дулаалгын материалын талаар багцаа мэдээлэл авахад айл өрхүүдэд хялбар болгох үүднээс “Дулаан шийдэл” төсөл www.dulaalga.mn  вэбсайтыг ажиллуулдаг. Сонирхсон өрхүүд уг вэбсайтад хандаж байшингийн мэдээллээ оруулснаар урьдчилсан тооцоог гаргаж, эрчим хүчний зөвлөхийг дуудаж байшингаа үнэлүүлэх захиалга хийгдэнэ.  

Төслийн суурь судалгаанаас үзэхэд иргэд агаарын бохирдол юунаас болж үүсдэг талаар мэддэг, агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга зам нь дулаалга гэж сонсож байсан боловч дулаалгыг зөв зохистой хийснээр дулаан алдагдлыг маш их бууруулж чадах талаар мэдээлэл тун бага байна. Тиймээс “Дулаан шийдэл” төсөл сайн чанарын зөв дулаалга байшингийн дулаан алдагдлыг багасгаад зогсохгүй өрхийн санхүүд хэмнэлттэй гэх мэдээллийг ард иргэдэд өгөхийг зорьж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд сайжруулсан түлшний хэрэгцээг багасгах, түүнчлэн түлшний хэрэглээг багасгахад байшинг сайн дулаалах нэн шаардлагатай байна.

“Дулаан шийдэл” төслийн барилгын эрчим хүч, дулаан алдагдлын хэрэгцээний тооцоолол, хяналтын маягт хамтдаа эрх зүйн баримтад тусгагдаж Барилгын дулаан хамгаалалтын шинэчлэгдсэн нормд багтсан бөгөөд уг норм стандарт 2021 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. “Дулаан шийдэл” төсөл нь ирээдүйд илүү олон оролцогч талуудыг хамруулж дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатарын дулаалгын зах зээлийг улам өргөжүүлэхийг зорьж байна.

“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.

Хэрхэн холбогдох вэ:

Та бүхэн “Дулаан шийдэл” төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Жэрэс ОУТББ-ын олон нийттэй харилцах ажилтан И.Одончимэгтэй холбогдоно уу: +976-95007392, o.idersaikhan@geres.eu , www.dulaalga.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.