Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Парист террорист халдлага гарсны дараа Макрон, Путин нар утсаар ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Парисын захын дүүргийн дунд сургуулийн багш, 47 настай Самуэл Пати исламын шашныг доромжилсон зураг хүүхдүүдэд үзүүлсэн шалтгаанаар бусдын гарт зэрлэгээр алагдсан нь Франц орныг цочроогоод байгаа билээ.

Патигийн толгойг хутгаар тасдаж, амийг нь хөнөөсөн 18 настай Абдуллах Анзаров нь Москвад төрсөн чечень үндэстэн байсан юм. Тэрбээр аллагын дараа цагдаад буудуулж алагджээ.

Францын ерөнхийлөгч Эмманэул Макрон өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Хоёр удирдагч терроризмтай тэмцэх үйлсэд хүчээ нэгтгэх, хууль бус цагаачлалыг хязгаарлах, шашны экстремист үзэлтэй хамтран тэмцэхээр тохиролцсон тухай талууд мэдээлсэн байна.

Анзаров Москвад төрж, 2008 оноос хойш гэр бүлийн хамт Франц улсад цагаачлан амьдарч байгаа ажээ. Түүний гэр бүл ОХУ-ын Умард Кавказ дахь Чечений бүгд найрамдах улсаас гаралтай хүмүүс юм байна.

Оросын тал энэхүү гэмт хэрэгтэй ямар нэг хэлхээ холбоогүйгээ мэдэгдээд байгаа. Парис дахь ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч Сергей Паринов “Халдлага үйлдсэн этгээд нь сүүлийн 12 жилийн турш Францад амьдарсан тул энэ хэрэг ОХУ-тай ямар ч хамаагүй” гэж ТАСС агентлагт ярьжээ.

 
Амиа алдсан багш Самуэл Пати

Францын хэвлэлүүдийн мэдээлснээр хэрэг гарсан сургуулийн нэг сурагчийн аав онлайн орчинд Самуэл Пати багшийг шийтгэхийг уриалсан хөдөлгөөн зохион байгуулж, аллага гарахын өмнөхөн Анзаровт мессэж илгээж байсан гэнэ.

Аллагын дараа Францын цагдаагийн газар 40 айлын гэрт нэгжлэг явуулж, 16 хүнийг баривчилснаас зургааг нь сүүлд суллажээ. Тэдний дотор хүмүүсийг аллагад уриалсан этгээд байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Парисын умард хэсэгт оршдог 1,500 орчим мөргөлчтэй Пантин исламын сүм болзошгүй хариу халдлагаас сэргийлж, Лхагва гарагаас эхлэн зургаан сарын хугацаанд хаалгаа барихаар болсон байна. 

Тус сүмийн удирдлагууд террорист халдлага гарсан явдалд харамслаа илэрхийлжээ.

Өнөөдөр орой Сорбоны их сургууль дээр Самуэл Пати багшид Францын төрийн хамгийн дээд шагнал болох Легионы одон нэхэн гардуулах ёслол болох ба үүнд ерөнхийлөгч Эмманэул Макрон оролцохоор болсон байна.

Өнөөдөр Франц улсын хүн амын 10 орчим хувь буюу 5 сая нь исламын шашинтнууд юм.

 

Эх сурвалж: BBC