Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын аугаа их зохиолч Ф.М.Достоевскийн "Карамазовын хөвүүд" роман монгол хэлээр орчуулагдан гарлаа

МОНСУДАР
2020 оны 10 сарын 21
Монсудар
Зураг зураг

Оросын аугаа их зохиолч Фёдор Михайлович Достоевский чухамхүү "Карамазовын хөвүүд" романаараа XX зууны хүүрнэл зохиолын дээд түвшнийг манлайлан чиглүүлсэн юм. Энэ романгүйгээр өнөөдрийн утга зохиолын сэтгэлгээний аливаа ололт амжилтын тухай ярих боломжгүй билээ. Анх 1879 онд хэвлэгдсэнээсээ хойш 140 гаруй жилийн туршид "дэлхийн хамгийн шилдэг роман" гэгдсээр буй энэ бүтээл адал явдлын болоод философийн романуудын төрөл зүйлийг өөр хооронд нь сүлснээрээ үгийн урлагийн гайхамшиг болсон аж.

Тэгвэл уг бүтээлийг орос хэлнээс "Кандид буюу өөдрөг үзэл" номын орчуулагч Ц.Батбуян орчуулж, өмнө "Гэмт хэрэг ба ял шийтгэл", "Лолита" зэрэг томоохон бүтээлүүдийн орчуулгын редактор Н.Жавхлан, хариуцлагатай редактороор Ж.Хишигжаргал, Д.Очирмаа нар, зөвлөхөөр Яковлова Зоя Михайловна ажилласнаар Монсудар хэвлэлийн газраас хэвлэгдэн гарч уншигчдын гарт очиход бэлэн боллоо.

“Зам бүхэн Ромд хүрнэ” гэсэн үг бий. Үүнтэй нэгэн адил Достоевскийн бүх бүтээлийн зам эцэстээ Карамазовын хөвүүд романтай холбогдоно хэмээн зүйрлэж болно.  Достоевскийн зохиол бүтээлдээ дэвшүүлэн тавьсан асуудлууд үнэндээ цоо шинэ зүйл биш юм. Харин ч урт настай, нэг ёсондоо хүн төрөлхтний  “мөнхийн” гэмээр асуултууд бөгөөд тэрээр бараг бүхий л зохиолдоо уг асуултуудыг авч үзсээр ирсэн байдаг. 

Хүний доторх муу муухай бүхэн хаанаас эхтэй байдаг вэ, бид үүнийг ялан дийлж чаддаг уу? Бурхан гэж байдаг уу? Хэрэв бурхан байдаг бол орчлон хорвоо дээрх муу муухай бүхнийг тэр яагаад хүлцэн тэвчинэ вэ? Хэрэв байдаггүй юм бол хүмүүс бид итгэл найдвараа алдаж, цөхөрчхөлгүйгээр энэ хорвоо дээр яаж амьдрах вэ? Бас энэ нийгмээ эмх замбараагүй байдал, анархизмд хүрэлгүйгээр хэрхэн авч явах вэ?
Достоевский энэ бүх асуултыг сэтгэл зүйн үүднээс гүн гүнзгий уудлан, уран зохиолын өндөр түвшинд ахин нэгэнтээ авч үзсэнд Карамазовын хөвүүд романы онцлог, үнэ цэн оршино. 

1878 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Достоевскийн бага хүү Алёша дөнгөж хоёр нас есөн сартайдаа унаж татах өвчний улмаас нас барсан аж. Достоевский ч залуудаа, үе үе татаж унадаг хуучтай байсан тул энэ өвчин эцгийн талаас удамшсан нь тодорхой. Хамгаас хайртай отгон хүүгийнхээ үхэлд ихэд цочирдон гутарсан тэрээр сэтгэлээ тайтгаруулахын тулд мөргөл залбирал үйлдэхээр Москвагаас баруун урд зүгт орших Калуга  тойргийн Оптина хийд рүү найзынхаа хамт явжээ. Достоевский зургаадугаар сарын 25-ны өдөр уг хийдэд талийгч хүүдээ зориулан хурал хуруулсныхаа дараа Амвросий (Амвросий Оптинский) хэмээх ламын эгэл бор байшинд нэлээд хуучилсан байдаг. Энэхүү уулзалт хийгээд ламтантай өрнүүлсэн яриа л нас барсан хүүгийнхээ хойноос эдлэх хязгааргүй гүн зовлон шаналлыг даван туулах хүчийг түүнд өгсөн гэдэг.

Зохиолчийн эхнэр Аннагийн дурсан ярьснаар, тэрээр уг аяллаас бараг л төрөл арилжсан мэт өөр хүн болчихсон ирснээ өмнөх дөрөвдүгээр сард эхлүүлээд байсан Карамазовын хөвүүд хэмээх шинэ бүтээл дээрээ шуудхан ажиллаж эхэлсэн байна. Достоевский хамгийн сүүлийн, хамгийн том энэ бүтээлээ хоёр жилийн турш толгой өөд таталгүй бичсэн бөгөөд уг зохиол нь 1879 оны нэгдүгээр сараас эхлэн Ру́сский ве́стник сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ. Энэ хооронд Достоевскийн эрүүл мэнд уушгины хүнд өвчний улмаас улам бүр дордсоор байсан ч хамаг хүчээ дайчлан ажилласаар, 1881 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 59 насандаа амьсгал хураахаасаа өмнө амжиж дуусгасан гэдэг.

Хайртай хүүгийнхээ араас харуусах зовлон шаналал, хорвоог орхих цаг ойртсоноо мэдэрсэн ухаарлын хүч нь амьдралынхаа сүүлчийн хоёр жил хагасын хугацаанд туурвисан энэхүү романд нь нэвт шингэж, бүтээлийнх нь чанар чансааг улам өргөсөн нь дамжиггүй. Нэрт сэтгэл зүйч Зигмуд Фрейд уг романыг “Урьд хожид бичигдээгүй хамгийн аугаа зохиол“, гэж үзсэн бөгөөд үүнтэй санал нэгдэх уншигч, шүүмжлэгчид өнөө хэр ч олон бий.

 

Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/512/