Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батбаяр: Хөнгөн үйлдвэрийн салбарт элсэгчид бараг байхгүй болсон. ШУТИС-ийн арьс, ширний анги оюутангүй байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, хөгжлийн стратеги, экспортын чиг хандлагын талаарх эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнөөдөр болсон билээ. 

Хурлын үеэр хөндөгдсөн гол асуудлуудын нэг нь хөнгөн үйлдвэрийн салбарт боловсон хүчин дутагдалтай байгаа явдал байсан юм. 

Энэ талаар ШУТИС-ийн хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор Д.Батбаяр хэлэхдээ “Хөнгөн үйлдвэрийн салбарт элсэгчид бараг байхгүй болсон гэхэд болно. Энэ салбарын боловсон хүчний асуудал их хүнд байдалд орсон байгаа. ШУТИС-ийн хувьд гэхэд арьс, ширний анги оюутангүй хэцүү болж байна. Уг нь үйлдвэрлэл нь хөгжих гээд байдаг. Тухайлбал, Дарханы арьс, ширний цогцолборт 2,000-3,000 ажлын байр бий болох тул инженер, техникийн ажилтнууд шаардлагатай гээд байгаа боловч бодит байдал дээр өнөөдөр энэ чиглэлээр суралцагчдын тоо буурч байна. 

Үйлдвэрлэгчид цар тахлын дараах байдлыг өөдрөгөөр харж, шинэ техник технологи нэвтрүүлсэн боловч бодит байдал дээр ажиллах хүний хомстолд орчихоод байгаа нь гол тулгамдсан асуудал” гэв.

Мөн "ХААИС-ийн хувьд энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг. Тус салбарт ажиллах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхийн тулд төрийн бодлого, үйлдвэрлэгчдийн хүсэлт, судалгааны чиг хандлагад тулгуурлах шаардлагатай юм. Сүүлийн жилүүдэд энэ салбарыг сонгон суралцах суралцагчдын тоо бууралттай байгаа. Боловсон хүчнийг нэмэгдүүлэх тал дээр ч гэсэн төр засгийн бодлого хэрэгтэй байна" гэдгийг ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт хэллээ.