Хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, хөгжлийн стратеги, экспортын чиг хандлагын талаарх эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнөөдөр боллоо.
Энэхүү хурал нь арьс шир, ноос ноолуурын салбарын техник технологийн түвшинг тогтоох, тулгарч буй асуудал, гарц шийдэл, R&D судалгаа хөгжүүлэлт, инновац дамжуулалтын чиглэлийг тодорхойлох, дотоод ба гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг хэлэлцэх зорилготой бөгөөд хурлаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын ерөнхийлөгчид хүргүүлэх аж.
МХАҮТ-ийн дарга Т.Дүүрэн "Монгол Улсын эдийн засагт тодорхой сайжруулалт хийгдэх шаардлага байсан. Үүнийг цар тахлаас үүдсэн нөхцөл байдал илүү тодруулж өглөө. Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хараат байдгийг засаж, хөнгөн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, нэмүү өртгийн сүлжээг бий болгох нэн шаардлагатай байна. Тэгэхгүйгээр ажлын байр хангалттай бий болох боломжгүй ба ард түмний цалин орлого ч өнөөдөр хангалттай биш байгаа.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг маш богино хугацаанд одоогийнхоос хоёр дахин өсөх ёстой. Ингэж байж 1.3 сая ажиллах хүч бүгд тогтвортой ажлын байртай, орлоготой болно. Үүний тулд уул уурхайн бус салбараа нэмэгдүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарт буюу салбарын техник технологид нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ганц гарц нь экспортыг дэмжих явдал. Тэгэхээр экспортыг дэмжихийн тулд МҮХАҮТ өнгөрсөн жилээс хойш нэгдсэн зохион байгуулалтад орж, зарим салбаруудын экспортын арга хэмжээг БНХАУ, ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах гэж үзсэн. Ийнхүү ажиллаж үзэхэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөл байхгүй нь асуудал болсон. ААН-үүд өндөр зээлийн хүүтэй учраас экспортод бүтээгдэхүүнээ гаргачихаад удаан хугацаагаар орлогоо хүлээх боломжгүй байдаг тул бараагаа экспортолж чаддаггүй.
Тиймээс экспортыг дэмжсэн тусгай нөхцөлтэй зээл гаргах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний зээлийн хүүг улс бодлогоор дэмжих ёстой. Тэгэхгүй бол экспортоор бараа гарахгүй, нэмэлт доллар олж болохгүй байна. Бид энэ талаарх тооцоо судалгаагаа Засгийн газарт танилцуулаад шинээр байгуулсан засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгуулсан.
Экспортын хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог бий болгож өгснөөр зөвхөн дотоодын арилжааны банкуудаас зээл авах бус гаднын хямдралтай зээлийг авах боломжтой гэх саналыг хүргүүлсэн” гэв.
ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт “Өнөөдрийн хуралд төрийн захиргааны байгууллага, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож байгаа нь ач холбогдлын хувьд их өндөр болгож байна.
Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гол салбарын нэг нь хөдөө аж ахуйн салбар. Түүхий эдийн боловсруулах технологиор дамжин экспортод чиглэсэн бүтээгдэхүүн гаргахын тулд энэ салбарыг эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх шаардлагатай байна.
ХААИС-ийн хувьд энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг. Тус салбарт ажиллах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхийн тулд төрийн бодлого, үйлдвэрлэгчдийн хүсэлт, судалгааны чиг хандлагад тулгуурлах шаардлагатай юм. Сүүлийн жилүүдэд энэ салбарыг сонгон суралцах суралцагчдын тоо бууралттай байгаа. Боловсон хүчнийг нэмэгдүүлэх тал дээр ч гэсэн төр засгийн бодлого хэрэгтэй байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|