Нийслэлийн хэмжээнд энэ жил хуурайшилтын зэрэг нэн өндөр байх магадлалтайг цаг уурын байгууллагаас онцгой байдлын албанд мэдэгджээ.
Иймд өчигдрөөс эхлэн Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ), Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар(НЦУГ), Нийслэлийн Байгаль Орчны Газар(НБОГ), Тээврийн Цагдаагийн Газар(ТЦА)-ын хамтарсан баг Улаанбаатар хотын таван дүүрэгт 31 чиглэлд эргүүл шалгалт хийж эхэлжээ.
Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар "Нийслэлийн хэмжээнд ой хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлээд байна.
Өмнөх жилүүдэд ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас ажиллуулдаг байсан бол энэ жил хуурайшилтын зэрэг нэн өндөр байх магадлалтайг цаг уурын байгууллагаас мэдээлсэн тул хамтарсан эргүүл шалгалтыг эрт ажиллуулж байгаа юм.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвсний түймрийн дуудлага мэдээлэл 16 удаа бүртгэгдсэн. Хаврын хуурайшилтын үед иргэд хариуцлагатай байж, ууланд алхах, ногоон бүсэд аялж зугаалахдаа ил гал гаргахгүй байхыг анхаарна уу.
Шар өвсний гал түймрийн зонхилох шалтгаан нь зуслангийн бүсэд байгаа айл өрхүүд өнжмөл өвсөө цэвэрлэхдээ шатааснаас гал алдаж, бусдын эд хөрөнгө, амь насанд эрсдэл учруулж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг хүсье.
Мөн зуслангийн хашаагаа засахдаа гагнуур их хийдэг. Гагнуурын оч үсэрснээр шар өвсөнд гал авалцах, татсан тамхиа бүрэн унтраахгүй хаях, шашны зан үйл зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс гал түймэр гарч, их хэмжээний хохирол учруулж болзошгүй тул алхам тутамдаа сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхааруулж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!