Исланд улсын засгийн газрын боловсролын сайд 30 гаруй жилийн өмнө өсвөр насны хүүхдээс хүүхэд төрүүлж байсан түүх нь илэрсний дараа албан тушаалаасаа огцорчээ.
22 настайдаа нэгэн шашны байгууллагад ажиллаж байхдаа 15 настай хүүтэй үерхэж эхэлснээ сайд Атилдур Лоа Торсдоттир өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүлээсэн байна.
Улмаар 23 настайдаа тэр энэ харилцаанаасаа хүүхэдтэй болж байжээ.
“Тэр үеэс хойш 36 жил өнгөрч, маш олон зүйл өөрчлөгдсөн байна. Хэрвээ өнөөдөр би ийм асуудалтай тулгарсан бол өөрөөр шийдэх байлаа” гэж 58 настай сайд тайлбарласан байна.
Сайдын түүхийг тус улсын RUV мэдээний агентлаг Пүрэв гарагт нийтэлж байжээ.
Маргааш нь Исландын ерөнхий сайд Криструн Фростадоттир сайдыг дуудаж уулзаад огцрох хүсэлтээ гаргахыг хүссэн юм байна.
Ерөнхий сайд сүүлд сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ бол хэт хувийн шинжтэй асуудал тул би түүнд хүндэтгэлтэй хандаж, илүү тайлбар өгөхгүй” гэж хэлжээ.
Хүүхдийн эцэг болсон 16 настай Эйрик Асмундссон тухайн үед гэр бүлийн маргааны улмаас Торсдоттирын ажилладаг шашны байгууллагын байранд толгой хоргодож байсныг RUV мэдээлсэн юм.
Тэрбээр хүүхдээ төрөхөд хажууд нь байж, эхний нэг жилийг хамт өнгөрүүлснийг бас тогтоожээ.
Исланд улсад харилцан зөвшилцсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд орохыг хуулиар зөвшөөрсөн насны босго 15 байдаг.
Гэхдээ 18 нас хүрээгүй хүнтэй түүний багш, халамжлан хүмүүжүүлэгч, санхүүжүүлэгч, ажил олгогч зэрэг хүн бэлгийн харилцаанд орвол гэмт хэрэгт тооцож, гурав хүртэл жилийн хорих ял оноодог юм байна.
Сайдын албан тушаалаас огцорсон Торсдоттир парламентын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
|