Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүй үндэслэлээр АНУ-ын хил гаалийн албаныхан нэг эмэгтэйн нохойг олон улсын нислэгээр авч явахыг нь зөвшөөрөөгүй байна.
Гэтэл уг эмэгтэй нохойгоо нисэх буудлын угаалгын өрөөнд алж, цогцсыг нь хогийн саванд хаясны дараа цааш ганцаар нисжээ.
Орландогийн нисэх буудалд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан энэ хэргийн эзнийг өнгөрсөн Лхагва гарагт хууль хүчнийхэн Флорида мужийн Лэйк Каунтигаас баривчилж, амьтны эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр ял тулгасан байна.
“Энэ үйлдэл нь амьтны амийг онц шаардлагагүйгээр, харгис хэрцгийгээр, санаатай хөнөөсөн гэмт хэрэг юм” гэж Орландо хотын цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.
Нисэх буудлын хяналтын камерын бичлэгээс үзвэл тухайн эмэгтэй LatAm Airlines компанийн бүртгэлийн ажилтантай 15 минутын турш ярилцсаны дараа есөн настай шнаузер үүлдрийн нохойгоо дагуулан угаалгын өрөө рүү явсан байна.
Тэр 20 минутын дараа угаалгын өрөөнөөс ганцаар гарч ирээд дахин бүртгүүлээд аяллаа үргэлжлүүлжээ.
Энэ үед нисэх буудлын цэвэрлэгээний ажилтан угаалгын өрөөний хогийн савнаас үхсэн нохойг бусад баримтын хамт олоод цагдаад мэдэгдсэн юм байна.
Эмэгтэй Колумб улс руу нисэж, дараа нь цаашаа Эквадор улсыг зорьсон нь мөрдлөгийн явцад тогтоогдож байжээ.
АНУ-ын хөдөө аж ахуйн яамнаас гаргасан журмаар бол Колумб улс руу нохой дагуулж явахын тулд эрүүл мэндийн гэрчилгээ, галзуугийн вакцины гэрчилгээ шаарддаг юм байна.
Мөрдөгчид нохойн биед суулгасан чипээр эзнийг нь тогтоож, шүүх эмнэлгийн шинжилгээгээр усанд живж үхсэнийг нь баталж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!