Энэ сарын 24-ний өдрийг олон улсад сүрьеэ өвчний талаар анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн хяналт оролцоо сэдвээр өнөөдөр мэдээлэл өглөө.
Дэлхий даяар Дархлалын Олдмол Хомсдол (ДОХ), хумхаа, сүрьеэ өвчинтэй тэмцэх зорилгоор байгуулагдсан Глобаль сангийн зүгээс Монгол Улсад сүрьеэгийн эсрэг олон нийтээр удирдуулсан хяналт хэрэгжүүлэх зөвлөмжийг өгсөн аж.
Энэ хүрээнд Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Сүрьеэ өвчнөөр өвчилсөн иргэд 6 сараас 1 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэдэг. Энэ үед ажил хөдөлмөр хийх боломжгүй болсноор тухайн хүнд сөрөг үр дагавар үзүүлдэг болохыг зохион байгуулагчид онцолсон.
Олон нийтийн хяналтыг эхний ээлжид 2024 - 2026 оны хооронд дөрвөн бүс нутагт зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал
Эндээс гарсан үр дүнгээс хамаарч цаашлаад үндэсний хэмжээнд өргөжүүлэх эсэхээ шийдэх юм. Дээрх бүс нутгийг сонгосон гол шалтгаан нь сүрьеэгийн тархац их, бүгд хотын статустай, хөл хөдөлгөөн их, хүн ам, шилжин явах иргэд олон гэх мэт эрсдэл өндөртэйг тооцсон байна.
Уг дөрвөн бүсэд 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдсан. Зөвлөлд орсон иргэдийн 30% нь төрийн алба хаагчид бол бусад нь сүрьеэ өвчнөөр өмнө нь өвдөж байсан иргэд, тэдний ар гэр, иргэнийн нийгмийн байгууллага, залуучуудын төлөөллөөс бүрджээ.
Тэд сар бүр иргэдийн дунд санал асуулга явуулж, дүнг нь нэгтгээд тухайн салбар зөвлөлөөр хэлэлцдэг. Эндээс гарсан саналыг нэгтгээд холбогдох хүмүүст нь хүргэдэг байна.
Одоогийн байдлаар 800 гаруй иргэдээс санал авахад 60 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах хэрэгтэй гэсэн өгчээ.
Түүнчлэн эмчилгээг эхлүүлэх үед элэг хамгаалах болон эмийн гаж нөлөөг бууруулах эмийг хөнгөлөлттэй олгох, өвдсөн гэдгээ мэдээгүй тул эмчлүүлэх хүртлээ хугацаа их алдаж байгаа тул оношилгоог эрчимтэй явуулах, ялгаварлан гадуурхах үзэгдлийг зогсоох зэрэг санал иржээ.
Зөвлөлийн зүгээс хийсэн судалгаагаар иргэдийн дунд сүрьеэ өвчний талаар мэдээлэл хомс байгаа нь өвчнийг тархах, өвчилсөн иргэдийг гадуурхах үндсэн шалтгаан болж байна. Тиймээс энэ талаар мэдлэг, мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг зохион байгуулагчид дурдлаа.
Тиймээс "Сүрьеэг тэглэхэд оролцогч талуудын үүрэг оролцоо" баримтын цомог гаргасан байна.
Сүрьеэ өвчин тусаж байгаа иргэдийн дийлэнх нь залуучууд байна. Тиймээс уг зөвлөлд залуучуудын төлөөллийг оруулсан юм. Энэ талаар зөвлөлийн гишүүн н.Тэмүүлэн "Залуучууд ихэнх нь шөнө орой унтахгүй, эрүүл бус хооллох тохиолдол их бий. Ингэснээр дархлаа нь унаж, сүрьеэ өвчин тусах эрсдэл нь нэмэгдэнэ.
Залуу хүн тул өвчний нууц үед бусдад тараах магадлал нь нэмэгдэнэ. Энэ өвчний талаар анхан шатны болон суурь мэдлэг хомсоос шалтгаалан хаана очиж эмчлүүлэх, ямар шинж тэмдэг илрэх зэргийг мэддэггүй. Үүнээс болоод зарим хүндрэлүүд үүсдэг" гэж ярьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!