Уншиж байна ...

Н.Сувдмаа: Улаанбурханы батлагдсан тохиолдлын дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй эсвэл нэг л тунд хамрагдсан байна

А.Ням-Өлзий, iKon.mn
Өчигдөр 13 цаг 01 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төвөөс улаанбурхан өвчний эсрэг хариу арга хэмжээ болон сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухайд өчигдөр 62 байсан бол шинээр дөрвөн тохиолдол батлагдлаа. Тэдний хоёр нь Улаанбаатарт, хоёр нь Дундговь аймагт батлагдсан. Улсын хэмжээнд нийт 66 тохиолдол байгаагаас зөөвөрлөгдсөн тав, бусад нь дотоодын халдвар байна. Үүнээс 23 тохиолдол эдгэрч гарсан.

Улаанбурхан өвчний хөтлөл зүйгээс харахад гуравдугаар сарын 14-ний өдрөөс хойш нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайн өвчин нь 14-21 хоног нууц байдалд байдаг. Цагаан сарын баяртай холбоотой иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнээр 14 хоногийн дараа халдварын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөлийн дийлэнх нь Улаанбаатар хотод батлагдсан. Үүнээс гадна Дундговь, Өмнөговь, Булган аймгуудад батлагдаад байгаа.

Улаанбурханы өвчлөлийг нас, хүйсээр нь авч үзвэл хүйсийн тохиолдол ерөнхийдөө ижил, 10-14 насныханд хамгийн ихээр тохиолдож байна. Голомтолсон байдлыг нь харвал нийслэлд 12 сургууль, Дундговь, Өмнөговь аймгуудад мөн сургуульд сурдаг хүүхдүүд байна.

Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй эсвэл нэг л тунд хамрагдсан байгаа юм. Тиймээс вакцинд хамрагдахыг уриалаад байгаа.

Мөн Төв аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. Амьсгалын замын өвчин тул сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд хариу арга хэмжээг тэр дор нь авч явдаг" гэлээ.