Европын гол гүрнүүд тивийнхээ аюулгүй байдлыг АНУ-ын оролцоогүйгээр хангадаг болох шилжилтийг таваас арван жилийн дотор гүйцэтгэх төлөвлөгөөн дээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Тухайлбал Их Британи, Франц, Герман болон Скандинавын улсууд Умард Атлантын Гэрээний Байгууллагыг (НАТО) шинэчлэн зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулж эхэлснийг Financial Times сонин Пүрэв гарагт Европын албаны эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Блүүмбэрг агентлаг өчигдөр буюу Баасан гарагт НАТО-гийн удирдлага Европ болон Канадын эрх баригчдад зэр зэвсгийн нөөцөө 30 хувиар өсгөх хүсэлт илгээснийг олж мэдээлжээ.
Энэ бүхэн нь сүүлийн 80 жилийн турш Европын аюулгүй байдлын баталгаа болж ирсэн Атлантын далайг дамнасан цэргийн эвслээс АНУ гарсан тохиолдолд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж эх сурвалжууд тайлбарласан байна.
Ирэх зургаадугаар сард Хааг хотод зохион байгуулагдах НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын орнууд энэ төлөвлөгөөгөө АНУ-д танилцуулах гэнэ.
Одоогоор НАТО-гийн жилийн урсгал зардлын 15.8 хувийг АНУ гаргадаг. Бас Европ даяар 80,000-100,000 орчим цэргээ байрлуулсан байдаг.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд Герман, Франц, Их Британи тэргүүтэй Европын улсууд батлан хамгаалах зардлаа өсгөх, зэр зэвсгийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шийдвэрүүдээ гаргаад байгаа.
Ойрын таваас арван жилийн дотор Европын орнууд АНУ-ын орон зайг өөрсдөө нөхөх хэмжээнд хүрч чадах тооцоо гаргажээ.
Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлсэн, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан зэрэг үйл явдлууд нь Европын орнуудад өөрийн батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий болгоод байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!