Ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ) болон Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "2025 он гарснаас хойш улсын хэмжээнд Архангай, Дундговь, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 17 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгдэж, онцгой байдлын байгууллага, хилийн цэрэг, орон нутгийн мэргэжлийн анги болон иргэд хамтран бүрэн унтраасан.
Түймрийн эрсдэлтэй, хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор онцгой байдлын анги салбар, нэгж байдаггүй Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Дэлгэрхаан, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Дарьганга, Дорнод аймгийн Матад сумдад хөдөлгөөнт долоон бүлэг түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраах, иргэдийг сургаж дадлагажуулан ажиллаж байгаа.
Эдгээр бүлэг өнгөрсөн хугацаанд 680 өрхийн 2,500 гаруй иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, 259 автомашинд галын аюулгүй байдлыг хангах заавар зөвлөмж өгсөн хэдий ч 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, 19-ний өдөр Асгат, өчигдөр буюу 20-нд Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд түймэр бүртгэгдэж, онцгой байдлын албах хаагчид бүрэн унтраасан.
Он гарснаас хойш Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд, нийт зургаан аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.
Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1,388,237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6,937 бог, 569 бод мал, 7,230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!