Уншиж байна ...

АНУ-Хятадын хооронд дэгдэж болзошгүй дайны нууц төлөвлөгөөтэй Илон Маск танилцахаар болсныг эх сурвалж мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 12 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Трампын шадар хүн Илон Маск тус улсын батлан хамгаалах яамны маш нууц төлөвлөгөөтэй танилцахаар болсныг Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.

Тухайлбал тэр Пентагонд зочлохдоо Америк-Хятадын хооронд дайн дэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай маш нууц төлөвлөгөөтэй танилцах гэж байгаа гэнэ.

Эндээс харвал АНУ-ын засаг захиргааны төсвийн үр ашигтай байдлыг хариуцах үүрэг хүлээсэн тэрбумтны нөлөө хүрээгээ улам тэлж байгаа бололтой.

Нөгөө талаар Маск нь Теслагийн бизнесийг Хятадын зах зээлд эрхэлдэг, SpaceX компаниараа дамжуулан Пентагонтой гэрээтэй ажилладаг гэдэг утгаараа ашиг сонирхлын томоохон зөрчил үүсэх магадлалтай болж байна.

Эзэмшдэг бизнестэй нь холбоотой ашиг сонирхлын зөрчил илэрсэн тохиолдолд Трампын засаг захиргаанд одоо гүйцэтгэж буй ажлаас нь Маскийг чөлөөлөхөө Цагаан ордон өмнө нь амлаж байв.

Нью-Йорк Таймсын мэдээлснээр болзошгүй дайн дэгдсэн тохиолдолд Хятад улстай АНУ хэрхэн дайтах тухай 20-30 хуудас материалтай Маск танилцахаар төлөвлөсөн гэнэ.

Баасан гарагт Илон Маск төв байранд нь зочлохыг Пентагон баталсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“Баасан гарагт батлан хамгаалах яам Илон Маскийг Пентагонд хүлээж авах болсондоо таатай байна. Түүнийг сайд Пэт Хэгсэт урьсан юм” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Технологийн хориг, худалдааны маргаан, кибер аюулгүй байдал, ТикТок, Тайвань, хүний эрх, Covid-19 өвчний гарал үүсэл зэрэг олон асуудлаар Вашингтон, Бээжингийн харилцаа сүүлийн жилүүдэд эрс муудаад байгаа билээ.

 

Эх сурвалж: Reuters