Монголын ТОП 250 компанийн үүсгэн байгуулагч, CEO нар хуран чуулдаг “Менежмент Форум” 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаа. Тус арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийн туршлага, ур чадварыг хуваалцах, дуу хоолойг нэгтгэх, хамтын ажиллагааны гүүр болох, нийгэмд компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг таниулах зорилготой юм.
Энэ удаагийн форум олон улсын геополитикийн хурцадмал байдал, урд хөршийн АНУ-тай өрнөх худалдааны дайн шинэ шатанд шилжсэн эгзэгтэй цаг үед зохион байгуулагдаж байна. Уг асуудлууд нь газрын баялаг, түүхий эд дээр тогтдог эдийн засагтай, экспортын 90 хувь нь урд хөршөөс хамааралтай Монгол Улсын хувьд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа юм. Энэ нь бизнес эрхлэгчид бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд ажиллах хүчний нөөц бололцоог хүртээмжтэй хуваарилах, бүтээмжийг нэмэгдүүлэх шалгууруудтай нүүр тулж буй. Үүнтэй холбоотойгоор арга хэмжээний үеэр бизнесийн салбар болон төрийн төлөөллүүдийн хуваалцсан сонирхолтой мэдээллүүдийг онцолж байна.
Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтийн дийлэнх хэсгийг эзлэх салбарууд энэ жил ямар төлөвтэй байх вэ?
Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх ч үнэ буурснаар экспортын орлогын өсөлт өмнөх жилүүдээс нэмэгдэхгүй төлөвтэй байна. Гэсэн хэдий ч цаг агаарын нөхцөл өнгөрсөн жилтэй харьцуулахад таатай байж, уналтад орсон байсан хөдөө аж ахуйн салбар сэргэнэ. Түүнчлэн хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих томоохон төслүүд нь барилгын салбарт эерэг нөлөөлөх таамагтай байгаа юм.
Бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй хүний нөөцийн хомсдолыг хэрхэн шийдвэрлэх вэ?
2030-2050 онуудад Монгол улсын хөдөлмөрийн зах зээл хомсдолд орж ажиллах хүчний дутагдал улам нэмэгдэх эрсдэлтэй байна. Одоогоор 30-40 мянган ажиллах хүч шаардлагатай байгаа ч дотоодын ажиллах хүчний нөөц хангалтгүй байгаа юм. Нөгөө талаас 1993-2006 онуудад төрөлтийн тоо багассан нь залуу ажиллах хүчний тоо буурахад нөлөөлж байна. Монгол улсад ажиллах хүчний хомсдол үүссэн бөгөөд гадаад ажиллах хүч авах зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа юм. Шинээр өргөн барьж буй гадаад ажиллах хүчин татах хуулийн төсөл нь тодорхой хугацаанд гадаад ажилчдын тоо, хувь хэмжээг тогтоохгүй байж бизнес эрхлэгчдэд тулгараад буй хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд тустай. Түүнчлэн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг бууруулснаар ажил олгогчдын ачаалал багасаж, илүү олон ажлын байрыг бий болгох боломжтой. Энэхүү хуулийн төсөл хэрэгжсэнээр Монголын хөдөлмөрийн зах зээлийн хомсдол багасаж, бизнесийн өсөлт, ажлын байрны тоо нэмэгдэх эерэг үр дүн гарах төлөвтэй байна.
Хүний нөөцийн салбарын шинэ чиг хандлага
Сүүлийн 5 жилийн хугацаанд хүний нөөцийн эргэлт даруй 3 дахин нэмэгдсэн. Хүний нөөцийн зах зээл улам бүр өөрчлөгдөж, уламжлалт ур чадварын шалгуур хангалтгүй болж байна.Зах зээлд тодорхойгүй байдалд шийдвэр гаргах чадвартай, стратегич, аналитик сэтгэлгээтэй ажилтнуудыг эрэлхийлж эхлээд байгаа бол нөгөө талаас ажил горилогчид сэтгэлзүйн эрүүл орчин, карьер төлөвлөлтийн хувьд тодорхой ажлын байрыг илүү чухалчилж байна.
Түүнчлэн хүний нөөцийн салбарт хиймэл оюун ухааны хэрэглээ өргөн нэвтэрч, сонгон шалгаруулалтын арга барилыг өөрчилж, зөвхөн ур чадвараас гадна хувь хүний зан төлөв, шийдвэр гаргах чадварыг үнэлж байна.
Бизнесийн салбарын шинэ туслах хиймэл оюун ухааны хэрэглээд бид бэлэн үү?
Хиймэл оюун ухаан (AI) болон их өгөгдөл (Big Data) нь 2023 оноос эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байна. Хиймэл оюун ухаан нь бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, дата дээр суурилсан оновчтой шийдвэр гаргахад томоохон нөлөөг үзүүлж байна. 2050 он гэхэд AGI (Artificial General Intelligence) ба ASI(Artificial Super Intelligence) хөгжиж, шинэ эрин үе эхэлнэ. Орчин үеийн хиймэл оюун ухааны гурван тулгуур багана бол мэдээллийн боловсруулалт, автоматжуулалт, ажлын урсгалын өөрчлөлт байх ба эдгээр нь байгууллагын бүтээмж болоод ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ.
Хиймэл оюун ухаан нь их хэмжээний өгөгдлийг боловсруулах тул кибер аюулгүй байдлаа бэхжүүлэх, өгөгдлийн цэгцтэй байдлыг хангах шаардлагатай. Түүнчлэн уг шийдлүүдийг хөгжүүлэхийн тулд салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь бага зардлаар, өндөр үр ашгийг бий болгох, цаг хугацааг хэмнэх зэрэг үр дүнтэй. Ирээдүйд хиймэл оюун ухааныг зохистой хэрэглэж чадах эсэх нь бизнесийн өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болох юм.
Төрийн бодлого хаашаа чиглэх вэ?
Монгол Улсын парламент 2024 оноос холимог тогтолцоонд шилжиж энэ оноос эхлэн хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн стратеги барих зарчмаар ажиллана. Парламентын шинэ бүтэж нь үндэсний соёл, ашиг сонирхол, инновац, технологийн дэвшлийг дэмжиж, илүү нээлттэй, үр нөлөөтэй байх зорилготой. Парламент нь Монгол улсын хууль тогтоох байгууллагын хөгжилд шинэ эрин үе авчрах бөгөөд олон ургалч үзэл, хүн төвтэй бодлогыг чухалчлах нь нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
“Менежмент Форум” хамтран зохион байгуулагчид:
ГОЛОМТ БАНК, ХАС БАНК, ЮНИТЕЛ ГРУПП, МАНДАЛ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ, ЭКО КОНСТРАКШН, НОМИН КОНСТРАКШН ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП, МОНКОН ГРУПП, БҮРЭН ФИНАНС, НЭТКАПИТАЛ, БАРИЛГА КОРПОРАЦИ, ҮҮРТЭЭЛ, ЭС СИ СИ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|