Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, АНУ-ын домогт боксчин Жорж Форман өнгөрсөн Баасан гарагт 76 насандаа өөд боллоо.
Тэрбээр 1968 оны олимпоос алтан медаль хүртэж, мэргэжлийн боксын хүнд жингийн аварга цолыг 21 жилийн зайтай хоёр удаа хүртсэн түүхтэй. Хоёр дахиа аваргын бүс эзэмшихдээ 45 настай байсан нь мэргэжлийн боксын түүхэнд хамгийн ахмад насандаа ийм амжилт үзүүлсэн тамирчин болж байв.
"Том Жорж" хочоороо рингэнд мөнхөрсөн эгэлгүй энэ эр 1974 онд Мухаммед Алид ялагдаж эхний аваргын бүсээ алдсан юм. XX зууны шилдэг тулаан гэгддэг тэдний тоглолтыг телевизийн түүхэнд анх удаа нэг тэрбум хүн үзсэн тохиолдол болж байв.
Мэргэжлийн боксод 81 тулаан хийхдээ 76 ялалт байгуулжээ. Ингэхдээ 68 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан аж.
Хэдийгээр Алид ялагдаж аваргын бүсээ алдсан ч 1994 онд 45 насандаа Майкл Муурэрийг хүнд цохилтоор буулган авснаар хоёр дахиа дэлхийн аварга болсон.
Хамгийн сүүлд 1997 онд 48 насандаа Шэннон Брижст ялагдаад тулааны замналаа өндөрлүүлж байв.
Нэрт тамирчны өөд болсон талаарх мэдээг гэр бүл нь инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|