Пүрэв гарагт тэрбумтан Илон Маск өөрийн удирддаг Тесла компанийн бүх ажилчдын хурлыг зохион байгуулжээ.
Энэ үеэр тэр компанийнх нь ирээдүй гэрэлтэй байгааг ухуулж, эзэмшлийн хувьцаагаа зарахгүй байхыг ажилчдадаа уриалсан байна.
Илон Маскийн АНУ-ын засаг захиргаанд хашиж буй ажил үүрэгтэй холбоотой маргаан зөрчлийн улмаас Тесла компанийн хувьцааны ханш сүүлийн цөөн хэдэн сарын дотор 50 хүртэл хувиар унаад байгаа билээ.
Мөн Тесла цахилгаан автомашиныг эвдэх, хорлон сүйтгэх, борлуулалтыг бойкотлох зэрэг арга хэмжээнүүд эрчимжсэн юм.
“Хүнд хэцүү цаг мөч тохиолдох үе байдаг. Гэхдээ ирээдүй гайхалтай гэрэл гэгээтэй, сэтгэл хөдөлгөм, бидний хэний ч төсөөлшгүй сайхан байгааг би та бүхэнд хэлмээр байна” гэж Маск уулзалтынхаа үеэр хэлжээ.
Тэр бас ажилчдадаа эзэмшлийн хувьцаагаа зарахгүй байхыг уриалсан байна.
Энэ долоо хоногийн эхээр нэр хүндтэй Ванкуверын Олон Улсын Авто Үзэсгэлэн аюулгүй байдлын улмаас Теслаг оролцуулахаас татгалзсан шийдвэр зарласан юм. Энэ нь зохион байгуулагчид үзэсгэлэнгийн танхимд Теслагийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа гарахаас болгоомжилсон хэрэг байв.
Масктай таарамжгүй харилцаатай байдаг ууган охин нь бас энэ долоо хоногт хэвлэлд ярилцлага өгөхдөө эцгийнхээ талаар тун таагүй зүйлсийг өгүүлсэн байна.
“Мэдээ уншвал гадуур Армагеддон болж буй мэт санагдаж магадгүй. Хэрвээ манай бүтээгдэхүүн таалагдахгүй байгаа бол худалдаж авахгүй байхад болно. Харин галдан шатаана гэдэг бол арай хэтэрсэн хэрэг” гэж Маск уулзалтын үеэр хэлжээ.
Энэ долоо хоногт гарсан бас нэг муу мэдээ нь Тесла компани алдарт Cybertruck загварын автомашинаа зах зээлээс буцааж татах шийдвэрийг зарласан хэрэг байлаа.
Тус компани механик гэмтлийн улмаас 46,000 автомашинаа татахаар болсон нь худалдаанд гарсан бараг бүх ийм бүтээгдэхүүн гэсэн үг юм.
Уран зөгнөлт кинонд гардаг техник шиг содон хийц загвартай энэ автомашины дээврийн гадна талын металл хавтан салан унаж, замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй болсон тул татах шийдвэр гаргажээ.
Тесла компани энэхүү асуудалтай эд ангийг үнэ төлбөргүй сольж өгөх юм байна.
Брэндийн нэр хүнд унаж байгаад Теслагийн гол хөрөнгө оруулагчдын санаа зовж эхэлжээ.
“Брэндийн хохирол эхлээд хязгаарлагдмал хүрээнд байсан. Гэхдээ сүүлийн хэдэн долоо хоногт дэлхий даяар тархаж, Маск, Тесла гэсэн брэндүүдийн хувьд хар салхи шиг гамшиг болж хувирлаа” гэж тус компанийн гол хувьцааг эзэмшигч АНУ-ын Wedbush санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Дэн Айвс саяхан хэвлэлд ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!