Метроны нэгдүгээр шугамыг Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 километр урт байхаар төлөвлөжээ. Үүнээс 19.1 километр 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлах юм байна.
Энэ талаар Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж төсөвт үйлдвэрийн газрын захирал У.Баатар “Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн. Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан.
Метро төсөл нь Монгол Улсын хувьд шинэ технологи тул олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.
2029 онд метроны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зүгшрүүлэлтийн ажил өрнөнө. 2030 оны аравдугаар сар гэхэд нийслэлчүүд метрогоор зорчих боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.
Метроны нэгдүгээр шугамыг Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 километр урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 километр 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана.
Метротой болсноор түгжрэлийн оргил цагуудад 17 мянга гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай зургаан вагоноос бүрдэх 19 галт тэрэгтэй байхаар тооцсон ба гал тэрэг хоорондын зорчих хугацаа 270 секунд байна. Метроны нэгдүгээр шугамыг голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ.
Туннель өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон” гэж НИТХ-ын зөвлөлийн хуралдаанд танилцуулжээ.
Анх метрог 14 өртөөтэйгөөр төлөвлөж байсан бол 15 болгоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
|