Уншиж байна ...

"Метроны бүс 1,000 жилд нэг удаа газар хөдлөлт болох магадлалтай газарт байрласан" гэсэн дүгнэлт гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод метро барьж байгуулах чиглэлийн дагуу болон депо баригдах газрын өнөөгийн байгаль орчны төлөв, нөхцөл байдлыг судалсан дүгнэлтийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Метро төслийн байгаль орчны төлөв байдлыг тодорхойлохдоо БОНХЯ-ны 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 тоот тушаалаар батлагдсан аргачлалыг ашиглажээ. Метроны шугам нь Толгойтоос Улиастай хүртэл 15 өртөөтэй, 100 хувь газар доогуур хийгдэхээр болоод байгаа билээ. 

Улаанбаатар метро төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан:

  • Улаанбаатар хот, түүний орчмын нутаг дэвсгэр нь Монгол орны физик газарзүйн мужлалаар Хэнтийн уулархаг мужийн баруун урд үзүүрт Туул голын хөндийн дэнжийн хэсэгт байрладаг. Газарзүйн байршлын хувьд ойт хээрийн бүсэд багтдаг бөгөөд 1,950-2,268 м үнэмлэхүй өндөртэй Богдхан, Сонгинохайрхан, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг өндөр уулсаар хүрээлэгдэнэ.
     
  • Төслийн талбайн урд зүгт ойролцоогоор 2 км-ийн зайд Туул гол урсаж байна. Төслийн үйл ажиллагаанаас гадаргын усанд үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй.
     
  • Хээрийн судалгааг 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хийж гүйцэтгэн холбогдох аргачлалын дагуу хөрсний нэг зүсэлт хийж, унд, ахуйн уснаас MNS 5667-11:2000 (Гүний уснаас дээж авах зөвлөмж) стандартыг баримтлан усны нэг сорьц авч тус бүрийг “Инженер геодези” ХХК-ийн хөрс судлалын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн.
     
  • Унд, ахуйн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ сульфатын ангийн, натрийн бүлгийн, нэгдүгээр төрлийн, чанарын хувьд нэн цэнгэг буюу ялимгүй эрдэсжилттэй, маш зөөлөн ус байна. Шинжлүүлсэн бүх үзүүлэлтүүд нь MNS 0900:2018 (Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын) стандартын шаардлагыг хангасан.
     
  • Төсөл хэрэгжих Сонгинохайрхан дүүрэгт бүхэлдээ хар хүрэн хөрс тархсан байна.
     
  • Химийн шинжилгээний үр дүнгээр хөрс нь шүлтлэг урвалын орчинтой, ялзмагийн агууламж их, шингээгдэх сууриудын нийлбэр хэмжээ дунд зэрэг, цахилгаан дамжуулах чанар болон давсны агууламж маш бага буюу давсжилтгүй, хөдөлгөөнт фосфорын агууламж дунд, хөдөлгөөнт калийн хангамж их, элсэрхэг механик бүрэлдэхүүнтэй.
     
  • Хөрсний дээжид хүнд металлын шинжилгээг атомын шингээлтийн спектрометрийн аргаар тодорхойлсон бөгөөд хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандарттай харьцуулахад хүлцэх болон аюултай, хортой агууламжаас даваагүй.
     
  • Төслийн талбайд ургамлан нөмрөг, байгалийн төрх бүрэн өөрчлөгдөж, шарилж, лууль зэрэг хог ургамал бүхий бүлгэмдлээр солигдсон байна.
     
  • Дотоод орчны агаарын чанарыг тодорхойлох зорилгоор том ширхэгт тоосонцор (PM10) болон нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ыг DustTrak TSI 8520 маркийн зөөврийн багажаар, дуу шуугиан буюу физик бохирдлыг тодорхойлох зорилгоор YH-610 Environment Multimeter зөөврийн багажаар хэмжилтийг тус тус хийжээ. Судалгааны үр дүн тус бүрийг “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 4585:2016” стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага байсан.
     
  • Төслийн талбайн бүс нь газар чичирхийллийн МСК-64 шатлалын баллаар 7 баллын бүсэд газар хөдлөлтийн давтамж 1,000 жилд нэг удаа болох магадлалтай газар байрласан байна.
     
  • Төслийн болзошгүй нөлөөллийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эрчим ба эх үүсвэрийг тодорхойлоход төслийн барилга байгууламжийн нөлөөгөөр биет хэмжээгээр хөрс, ургамлан бүрхэвч үүсмэл хэлбэршлээр солигдож, шууд, урт хугацаанд сөрөг нөлөөлнө.
     
  • Харин дэд бүтцийн хөгжил болон орон нутгийн орлого, ажлын байр нэмэгдэх зэргээр эергээр урт хугацаанд шууд нөлөөлнө гэсэн дүгнэлт гарчээ.