Казах түмний Нарны баяр буюу Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, "Бес Богда" давжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарлаа.
Шөвгийн наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын харцага Т.Сайханжаргал, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх Prius30 маркийн автомашин, үзүүрлэсэн бөх дөрвөн сая төгрөгийн шагнал авчээ. Энэхүү барилдааныг уламжлал ёсоор "Өлгийн хүчтэн" дэвжээ МҮБХ-той хамтран зохион байгуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|