АНУ-ын зах зээлд өндөгний үнийг буулгахын тулд Трампын засаг захиргаа Турк, Өмнөд Солонгос улсуудаас олон сая өндөг импортлохоор болжээ.
Мөн дэлхийн өөр улс орнуудаас өндөг импортлох боломжийг судалж байгаа юм байна.
“Бид богино хугацаанд хэдэн зуун сая өндөг импортлохоор ажиллаж байна” гэж АНУ-ын хөдөө аж ахуйн сайд Брүүк Роллинс өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Түүний мэдэгдлээс өмнө Трампын засаг захиргаа АНУ-ын фермүүдэд дэгдсэн шувууны ханиад өвчинтэй тэмцэхэд $1 тэрбумыг зарцуулах шийдвэр гаргасан юм.
Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа өндөгний үнийг буулгах амлалт өгч байсан ч өнгөрсөн оны турш 65 хувиар өсөж, энэ онд дахин 41 хувиар өсөх төлөвтэй байна.
“Манай тахианы тоо толгой нэмэгдэж, өндөгний үйлдвэрлэл хэвийн түвшинд хүрэхэд ядаж хоёр сарын хугацаа шаардлагатай гэж бид үзэж байна. Тэр үед бид дотоодын нийлүүлэлтээс зах зээлээ хангах боломжтой болно” гэж Роллинс хэлжээ.
Польш, Литва зэрэг улсуудын шувууны аж ахуйн холбоод өндөг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа тус тусын улс дахь АНУ-ын элчин сайдын яамдад илэрхийлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Хоёрдугаар сард АНУ-ын хөдөө аж ахуйн яам өндөгний үнийг бууруулах $1 тэрбумын төлөвлөгөөг танилцуулж байсан юм.
Үүний $500 саяыг био аюулгүй байдлыг сайжруулахад, $100 саяыг вакцины судалгаа, хөгжүүлэлтэд, $400 саяыг фермүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд зарцуулахаар болсон байна.
Шувууны ханиадны H5N1 вирус олон жилийн турш АНУ-ын фермүүдэд илэрч байсан бол 2022 оноос эхлэн тархалт нь эрчимжиж, 156 сая гаруй тахиаг устгаад байгаа юм.
Үүний улмаас зах зээлд өндөгний үнэ тэнгэрт хадаад байгаа.
Сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй байгаагийн буруугаа Трамп өмнөх ерөнхийлөгч Жо Байденд тохох болсон.
Тэрбээр энэ сарын эхээр Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ “Жо Байден өндөгний үнэ хяналтаас гарах боломж олгосныг бид буцааж буулгахын тулд шаргуу ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!