Баасан гарагт АНУ-ын батлан хамгаалах яамны төв байр Пентагонд тэрбумтан Илон Маск зочлох гэж байгаа тухай мэдээ өмнөх өдөр нь хэвлэлээр цацагдсан юм.
Түүнийг Хятад улстай дайн дэгдсэн тохиолдолд АНУ-ын авах арга хэмжээний тухай маш нууц мэдээлэлтэй танилцах гэж байгааг Нью-Йорк Таймс сонин албаны эх сурвалжаас уламжлан мэдээлж байв.
Харин Пентагоныхон үүнийг үгүйсгэж, Маскийг зөвхөн төсвийн хэмнэлт, технологийн инновацын асуудлаар уулзах гэж байгааг мэдээлсэн юм.
Гэхдээ сүүлд Маскийн айлчлалын дараа Пентагоны тамгын газрын дарга Жо Каспер үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээлэл задруулсан ажилтныг олох мөрдлөгийг дотооддоо эхлүүлэхээр болсныг мэдэгджээ.
Ингэхдээ хүний худал, үнэн ярьж байгаа эсэхийг тогтоодог полиграф төхөөрөмж ашиглахаар болсныг бас мэдээлсэн байна.
Нью-Йорк Таймсын мэдээ Илон Маскийн нөлөө Трампын засаг захиргаанд улам нэмэгдэж байж болзошгүй гэсэн болгоомжлолыг хүмүүсийн дунд бий болгосон юм. Бас түүний Хятадад эрхэлдэг бизнес нь ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хөндсөн байна.
Маск өмнө Хятадтай холбоотой асуудалд маргаантай байр суурь илэрхийлж байсан удаатай. Тухайлбал тэр нэг удаа Тайванийг “Хятадын салшгүй хэсэг” хэмээн ярьж, бас нэг удаа тус арлыг Хятадын засаг захиргааны тусгай бүс болгох санааг илэрхийлж байжээ.
Ерөнхийлөгч Трамп, Пентагоны тэргүүн Пэт Хэгсэт нарын аль аль нь Маск ямар нэг өндөр зэрэглэлийн нууц мэдээлэл авсныг няцааж байгаа.
Тухайлбал Баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп дээрх мэдээллийг няцаахдаа Маск ашиг сонирхлын зөрчилтэйг хүлээн зөвшөөрсөн юм.
Сүүлд Маск өөрийн эзэмшлийн Х сошиал хуудсаараа нууц мэдээллийг хэвлэлд задруулсан этгээдийг олж шийтгэхийг Пентагоны эрх баригчдад уриалсан нь сэжгийг улам гүнзгийрүүлж байна.
АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Пэт Хэгсэт нь Илон Маскийн явуулж буй төсвийн хэмнэлт, цомхотголын арга хэмжээг идэвхтэй дэмжигчдийн нэг юм.
Баасан гарагийн орой Пентагоны тамгын газрын дарга Жо Каспер “нууц мэдээлэл задруулсан этгээдийг илрүүлэх ажлыг даруй эхлүүлж, үр дүнг нь сайд Хэгсэтэд танилцуулах” болсныг мэдэгджээ.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
|