Уншиж байна ...

"Гашуунсухайт, Ханги боомтын хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн тул татан авалтгүй болж, биржийн арилжаа явахгүй байгаа"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг тайлангаа танилцуулсан байна. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай ажлын хэсэг байгуулагдаад хоёр дахь долоо хоног руугаа орж байна. Энэ хугацаанд валютын нөөц дээр импорт нэмэгдэж, экспорт буурсантай холбоотой сөрөг дарамтууд ирж байгаа. Үүнийг зөв оношлох, цаг алдалгүй арга хэмжээ авахад анхаарч ажилласан.

Өнгөрсөн долоо хоногт Ханги, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа. Гашуунсухайт, Ханги боомтын хувьд биржээс хамааралтай учраас асуудлууд ойролцоо дүр зурагтай байсан. Хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн тул татан авалт байхгүй болж, биржийн нэмэлт арилжаанууд явагдах боломжгүй болсон гэх мэт механик шалтгаан байна. 

Нүүрсний үнэ унасантай холбогдуулан импортолж буй тал их хэмжээний алдагдалд орсон. Дахин биржийн арилжаанд оролцож нэмж нүүрс авах боломжгүй болсон. Энэ нь биднээс шалтгаалаагүй, нүүрсний олон улсын зах зээлээс үүдэлтэй зүйл. 

Гэвч бид өөрсдөөс шалтгаалсан хийх ёстой олон зүйл байна. Тухайлбал Ханги боомтын тээврийн өртгийг бууруулахад газар дээр нь талуудтай уулзаж шийдвэр гаргасан. Төмөр замын тухайд өөрсдөөс шалтгаалах өртгийг 50 хувь бууруулж чадсан.

Гашуунсухайт боомтын хувьд цаад талдаа нэлээд их хэмжээний нүүрсний овоолго үүссэн. Хилийн цаана 4.5 сая тонноос ихгүй хэмжээний нүүрс нөөцлөх боломжтой ч бараг тулчихсан байна. Тиймээс нөхцөл байдалд дүгнэлт хийгээд бирж, үнэ, тээврээс шалтгаалах зүйл дээр зохих арга хэмжээг авсан.

Шивээхүрэнгийн тухайд нөгөө хоёр боомтоосоо арай өөр. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай компаниуд энэ боомтоор дамжлуулж нүүрсний экспортолдог. Бүтээн байгуулалт, нүүр экспортууд зах зээлийн зарчмаар амжилттай явж байна. Энэ жил нийт 25 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан.

Мөн Шивээхүрэн-Сэхээ боомт дээр хил дамнасан төмөр зам, өртөөний бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар маш сайн хийсэн. Үүнийг цаашдаа яаралтай ашиглалтад оруулснаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Энэ боомтод ажиллаж буй хувийн компаниудын мэдээлж буйгаар бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулбал жилд 50 сая тонн нүүрс гаргах боломжтой гэсэн. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг маргааш УИХ дээр соёрхон баталсны дараа Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболт болон бүтээн байгуулалтыг ажлыг ярьж эхэлнэ. Энэ боомтын хил холболтыг хоёр сарын дотор хийх боломжтой" гэв.