Боловсролын Ерөнхий Газар (БЕГ), Авлигатай Тэмцэх Газар (АТГ) болон өмгөөллийн “Алтаргана хуулийн товчоо” хуулийн фирм хамтраад ирэх сарын 5-нд “MOCK TRIAL 2025” Эрүүгийн хэргийн мэтгэлцээний тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар "Алтаргана хуулийн товчоо" хуулийн фирмийн захирал Б.Агар-Эрдэнэ "Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомж, шүүхийн шийдвэртэй холбоотойгоор иргэдийн зүгээс тодорхой чиглэлд санал шүүмжлэл байнга ирдэг.
Тухайн санал шүүмжлэл нь харилцан адилгүй бөгөөд өөр нөхцөл байдалтай уялдаж тухайн шүүхийн шийдвэрт хандах ард иргэдийн эрхзүйн ухамсар ямар түвшинд байгааг харуулдаг.
Тодруулбал иргэдийн эрхзүйн ухамсар болон шүүхийн шийдвэрийн биелэлттэй холбоотойгоор ойлголтын зөрүү, зөрчилдөөн үүсдэг.
Иргэдийн хууль эрхзүйн орчны мэдлэгийг сайжруулах зорилгоор БЕГ, АТГ болон Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамтай хамтраад иргэдэд нээлттэй шүүхийн мэтгэлцээн тэмцээнийг зохион байгуулах юм.
Энэ тэмцээнд хууль зүйн их дээд сургуулийн оюутан залуучууд оролцоно. Мэтгэлцээн нь яллах ба өмгөөлөх гэсэн хоёр талын хооронд болно.
Тэмцээн 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд болох юм. Тэмцээний шигшээ мэтгэлцээн иргэдэд нээлттэй зохион байгуулагдана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|